Сар шинийн баярын өмнөх Битүүний үдэш, гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж байгаа та бүхэнд манай долгионыг сонгосонд талархал илэрхийлэн, Сар шинэдээ сайхан шинэлэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!  

Өнгөрч буй төмөр Туулай жил та бүхний олонхийн  хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан байх. Харин Туулай жил  тэр бүр санасан зүйлдээ хүрч чадаагүй хүмүүсийн хувьд гэвэл ирж  буй Хар усан Луу жил  амар амгалан сайхан жил байх болно.  Шинэ жилд ажил хэрэгч, идэвхитэй сэргэлэн хүмүүс илүү амжилтанд хүрнэ. Луу өөдрөг сэтгэлтэй, хүсэл тэмүүллийг үнэлдэг учраас жилийн туршид сонор соргог байж, хувь заяа танд бэлэглэх боломж нөхцөлүүдийг өнгөрөөхгүйг хичээх хэрэгтэй.

Чухам энэ тухай оросын, хөгжмийн зохиолч, нэрт дуучин Олег Газмановын   “Миний   цэлмэг  өдрүүд” дуунд дуулдаг юм.”Би цэлмэг өдрүүдээ өөртөө үлдээж, харин дүнсгэр өдрүүдээ хувь заяанадаа буцааж өгье” гэж энэ дуунд дуулж байна.

Өнөөдөр эх орноосоо алс, хилийн чандад байгаа олон монгол хүмүүс  Хар усан Луу жилийг угтаж байна. Цагаан цасанд хучигдсан Оросын нийслэл Москва хотод ажиллаж, сурч амьдарч байгаа монголын иргэд маргааш өглөө мөрөө гарган, золгоцгоож болно. Тэд уламжлал ёсоор Москва дахь Монгол улсын Элчин сайдын яамны байранд цугларч, Сар шинийн баярын  хүндэтгэлийн золголтын баяраа хийдэг юм. Манай нэвтрүүлэгт ОХУ-д Монгол улсаас суугаа Элчин сайд Долоонжингийн Идэвхтэн оролцож байна.(яриа)

Элчин сайдын хүргэсэн  баярын мэндчилгээнд манай “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн  хамт олон нэгдэж байна.  Монголын нутагт энх амгалан оршиж байг! Аз жаргал, амжилт бүтээл арвин байг! Луу жил баяр наадамд дуртай тул, хүн бүр өөрийн баяр баясгалан, амжилт бүтээлээ халуун бүлээн, шуугиантай тэмдэглэж байгаарай.

Харин бид та бүхэнд оросын нэрд гарч байгаа  дуучин Елена Ваенгагийн  шуугиантай,  хөгжилтэй  нэгэн дуугаар бэлэг барьж байна. Ингээд  “Би хүсч байна” дууг хүлээн авна уу.«Та бүгд  эрүүл энх, элбэг дэлбэг   байгаасай гэж би хүсч байна. Та бүхний орой дээр нар гэрэлтэж, зуу нас наслаж, та нарын хүүхдүүд үргэлж баярлуулж байгаасай гэж би хүсч байна» гэж Елена Ваенга дуулж байна юм.      

   Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,

   Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,

   Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж

   Ургаж  байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!