Оросын сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн долоо хоногт орон зайд үргэлжиллээ. Энэ орон зайд ням гаригт болох сөрөг хүчнийхний машины цуваа болон 2-р сарын 26-нд хийхээр төлөвлөж байгаа “Цагаан цагираг” ажиллагааны тухай эрчимтэй мэдээллээ. Одоогийн төр засгийн талынхан эхлэж цохилт өгөхөөр бэлтгэж байгаа ба тэдний жагсаал цуглаан 2-р сарын 23-нд болно. Энэ үеэр ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэж тус улсын алслагдсан нутгийн болон гадаадад суугаа оросууд саналаа өгч эхэллээ. Харин ерөнхийлөгчид нэр дэвшигчид сурталчилгааныхаа ажлыг үргэлжлүүлсээр байна. Тэд сонгогчидтойгоо уулзаж, радио болон телевизийн халз мэтгэлцээнд оролцсоор байна. Тэд бас цаг үеийн асуудлуудыг шийдэхэд зав гаргаж байна. Владимир Жириновский, Геннадий Зюганов, Сергей Миронов  нар лхагва гаригт ерөнхийлөгч дмитрий Медведевтэй уулзаж оросын улс төрийн системийг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Михаил Прохоров оюутнуудтай уулзаж, москвагийн нэгэн дунд сургуулийн сагсан бөмбөгийн багыг дасгалжууллаа. Түүний итгэмжлэгдсэн хүмүүс болох дуучин Алла Пугачева, хөгжимчин Андрей Макаревич нар өөрийн нэр дэвшигчээ дэмжиж “Хамгийн өндөр нь” гэдэг дуу зохиолоо. Тэрбумтан 204 сантиметр өндөр юм.

Ерөнхий сайд Владимир Путин өдөр тутмын ажлаа амжуулж Сибирийн холбооны тойрогт эрүүл мэндийн системийн шинэчлэл хэрхэн явагдаж байгааг шалгаж, төрийн удирдлагын үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар зөвлөлгөөн хийлгэлээ. Нэр дэвшигчдийн рейтингийн хэлбэлзлийг ажиглах халуухан ажил нийгэм судлаачидад оногдоод байна. Бие даан нэр дэвшигч Михаил Прохоров, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов нарын рейтенгид бага зэрэг нааштай өөрчлөлт харагдаж байна. ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновскийг дэмжих түвшин хэвээрээ байна. Харин коммунистуудын тэргүүн Геннадий Зюгановын рейтинг буурсан байна. Харин Владимир Путины рейтинг улам өсөж 55% болсон байна. Өнгөрсөн долоо хоногт 53%-тай байсан юм. Интернетэд сөрөг хүчний хийсэн бүхнийг ура хашгиран угтаж, төрийн эрх барьж байгаа намын нэр дэвшигчийг шүүмжлэлээр шүршэж байхад рейтинг ийм байна. Тэгхэдээ энд гайхаад байх зүйл байхгүй гэж Улс төрийн учир байдлын төвийн шинжээч Павел Салин тэмдэглэж байна: «Ямарч зөрчилдөөнийг би олж харахгүй байна. Телевиз үзэгч сонгогчид ихэнх, Интернет хэрэглэгч сонгогчид цөөнх гэсэн хоёр хэсэгт оросын сонгогчид хуваагдаад байна. Ийм учраас Путины рейтинг өсөх нь зүй ёсны хэрэг» гэж тэр ярилаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтын төлөө хэн бодитой өрсөлдөж чадах вэ? гэдгийг “интернетийн цөөнх” сайн ойлгож байгаа. Ийм учраас одоо тэд хуралдсан дургүйцлээ зад тавихыг л хүсэж байгаа гэж улс төр судлаач Леонид Поляков үзэж байна: «Ерөнхий сайд бол тогтвортой хөгжлийн баталгаа гэдгийг ОУ-ын үнэмлэхүй олонхи ойлгож байгаа. Путинтэй өрсөлдөгчдийн хэн ч яллаа гэсэн энэ нь зайлшгүй өөрчлөлт гэсэн үг. Тэгэхдээ заавал сайн тал руу биш шүү. 90-ээд оны хэт өөрчлөлтийн туршлагыг одоо болтол сайн санаж байгаа. Гол төлөь Интернетэд байрлаж байгаа сөрөг хүчнийхэн ч Путин 1-р шатанд зайлшгүй ялна гэдгийг ч ойлгож байгаа. Ийм учраас хүмүүс өөрсдийнхөө дургүйцлийг илэрхийлж байгаа» гэж тэр ярилаа. Нийгмийн ийм сөргөлдөөн ч гэсэн логик зөвшилцөөнийг олох ёстой. Төр засаг өнөөдөр үүнийг л эрж хайж байна. Бүр 2-р сарын 20-н гэхэд ерөнхийлөгч Д.Медведев улсын бүртгэлд ороогүй улс төрийн хүчнийхэнтэй уулзах гэж байна. Намын хамгийн бага гишүүдийн тоогоор бүртгүүлэх шаардлагын тухай асуудал болон оросын улс төрийн системийн шинэчлэлийг  бүхэлд нь хэлэлцэх болно.