Хөгжөөн цэнгээн, инээд баясал, самоварын халуун цай, амтат бин энэ бүхэн юун тухай өгүүлнэ вэ? Бүхний дуртай Шар тосны баярын тухай ярьж байна гэж орос хүн бүхэн төвөггүй мэдэх болно. Орос орны баяруудын дотроос хамгийн хөгжилтэй, дүрсгүй баяр бол энэ баяр юм. Шар тосны баяр долоо хоног үргэлжилдэг ба энэ жил 2-р сарын 20-26-ны хооронд болох юм. Шар тосны баяр нь үнэн алдартны шашинтнуудын хамгийн хатуу баримталдаг мацаг барьж эхлэхээс яг долоо хоногийн өмнө эхэлдэг юм. Мацаг барилт нь христос шашинтуудын хамгийн гол баяр Улаан өндөгний баяр өмнө дуусдаг юм. Агуу их мацаг барилт нь долоон долоо хоног үргэджилдэг байна. Энэ хугацаанд сүсэгтнүүд амьтны гаралтай хоол идэх, архи уух, тамхи татах, хавтгайран наргиж цэнгэхээс татгалздаг байна. Агуу их мацаг барилт нь нүглээсээ ангижрах болон Улаан өндөгний баярт бэлтгэх үе болдог юм. Харин шар тосны баяр нь долоон долоо хоногийн хатуу мацаг барилтын өмнө цадатлаа идэж, наргиж цэнгэх боломжийг тавьж өгдөг байна.

Шар тосны баярын түүх нь эрт дээр үеэс улбаатай юм. Энэ эртний баярыг оросууд онгон шүтэх уламжлалаас өвлөн авсан байна. Эрт дээр үед нар эргэж хавар эхэлж байгаатай холбогдуулж энэ баярыг тэмдэглэж байсан гэж үздэг юм. Харин христос шашин шүтэж эхэлснээс хойш Мацаг барилтын угтвар болгож хийдэг болжээ. Гэхдээ л Шар тосны баяр өөрийн онгон шүтэх үеийн уламжлалаа хадгалж үлдсэн юм. Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн оросын өвлийг баяр хөөртэйгээр үддэг байна. Дээр үед Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга болдог байжээ. Гудамжуудаар сүрэлээр хийсэн мануухай барьж явдаг байсан байна. Энэ мануухайгаар өвлийг дүрсэлдэг байжээ. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан тунхаглаж мануухайг ёслол төгөлдөр шатаадаг байна.

Зөвлөлт засгийн үед энэ хөгжилтэй баярыг өргөн тэмдэглэдэггүй байжээ. Харин өнөөдөр энэ баярыг улс орон даяараа дахин тэмдэглэдэг боллоо. Гудамж талбайнуудад өргөн зугаалга болж концерт тоглож, сүрлэн  мануухайг байрлуулж дараа нь шатаадаг байна. Мэдээж хэрэг амтат сайхан шар тосны бингээ амтархан иддэг юм. Энэ орос хоол Шар тосны баярын жинхэнэ билиг тэмдэг нь билээ. Бинг бүтэн долоо хоног хайрдаг ба пүрэв гаригаас ням гаригийн хооронд бүр их хайрдаг байна. Энэ өдрүүдийг Шар тосны өргөн баяр гэж нэрлэдэг байна. Оросууд бие биеэндээ зочилож бин иддэг ба гэртээ бин хайрч найз нөхөд, хөршүүдээ дайлдаг байна. Айл бүр өөрийн гэсэн өвөрмөц амттай бин хайрдаг юм. Загасны дүрс, давсалсан улаан загас, цөцгий, жимсний чанамал, өтгөрүүлсэн сүүтэй бингүүд маш их эрэлттэй байдаг байна. Шар тосны баярын сүүлчийн өдөр нь бас нэг уламжлалтай холбоотой юм. Ням гаригт үнэн алдартны шашинтнууд бие биеэсээ уучлалт гуйдаг ба хариуд нь “Бурхан өршөөнө” гэж хэлдэг байна. Агуу их мацаг барилт эхлэхийн өмнө христос шашинтнууд урьд өмнө нь хэн нэгнийг гомдоосныхоо төлөө уучлалт гуйж үүгээрээ сэтгэл санаагаа ариусгах эхний алхмыг хийдэг байна. Энэ өдрийг Уучлалт гуйх ням гариг гэж нэрлэдэг билээ.