ОХУ-ын Забайкалын хязгаарын Агийн Буриадын тойргийн засаг захиргаанд “Алтаргана-2012” буриадын олон улсын 10-р наадмыг явуулахад бэлтгэх ажлын бүлгийн хуралдаан болсон байна. Энэ наадам энэ оны 7-р сарын 20-22-ны хооронд Агийн Буриадын тойрогт болно. Энэ наадмын хүрээнд дууны, буриадын уламжлалт уран сайхны гар урлалын, үлгэр, тууль хайлагчдын, “Дагина” гоо бүсгүйн, буриадын уламжлалт гэрийн уралдаан, “Буриадын суурин” угсаатны аялал жуулчлалын төвийн уралдаан, “Буриад үндэсний хувцас, уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн уралдаан, буриадын яруу найргийн уралдаан зэрэг арван уран бүтээлийн уралдаан тэмцээнүүд болох юм байна. “Алтаргана-2012” наадмын зохион байгуулах хорооны хуралдаан дээр наадмын санхүүжүүлэлтийн асуудал болон бэлэг дурсгалын зүйл хийх асуудлыг хэлэлцсэн байна. “Алтаргана” наадамд уламжлал ёсоор БН Буриад улс, Эрхүү муж, Забайкалын хязгаар, Монгол улс, Хятад улс, ОХУ болон ТУХН-ийн улсуудад байдаг нутгийн зөвлөлийн төлөөлөгчид оролцдог юм. Энэ наадмыг хоёр жилд нэг удаа явуулдаг юм.