Бид оросын эртний хотууд, олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал  үргэлжлүүлж байна.  Өнөөдөр Коломна хотын тухай  танилцуулах болно.

Коломна хот Москвагаас зүүн-өмнөд хэсэгт оршдог юм. 12-р зуун гэхэд энд модон тэнхэлгүүдийг бэхэлгээ болгон суулгасан байжээ гэж “Лига-тур”  аялал жуулчлалын агентлагийн ажилтан Татьяна Коноваликова хэлээд «Түүхэн баримт бичгүүдэд  Коломна хотын тухай анх 1177 онд дурьдсан  байдаг аж.   Өөрөөр  хэлбэл, 2012 онд тус хот  835 дахь жилийнхээ ойг тэмдэглэх аж.  Коломна хот нь худалдааны  чухал замын дунд  байсан бөгөөд олон удаа бүслэлт, дайралтанд орж байв. Ялангуяа  олон зуун жил үргэлжилсэн Орос, Алтан Ордын тэмцлийн үед монгол-татаруудын хөлд их нэрвэгдэж байжээ. Юуны өмнө тус хот нь 14,15 зуунд оросын цэргийн цугларалтын  хот байсан нь стратегийн чухал ач холбогдолтой байлаа.  Хожим  Донской гэж нэрлэгдэх болсон Москвагийн ван Дмитрий,  1380 онд энд цэргүүдээ бэлтгэж, дайсныг ялахад түүний нэрийг мөнхжүүлж голыг нэрлэсэн түүхтэй юм. Чухам эндээс Мамай хааны булаан эзлэгчидтэй тэмцэхээр оросын цэргүүд Куликово талбай дээр тулалдаж, ялалт авчирснаар  Орос   улсын цаашдын хөгжлийг тодорхойлсон юм» гэлээ.

Одоо үед хотын гол чимэг бол Коломна хотын Кремль юм. Одоогийн төрхөөрөө тэр 16-р зууны эхний хагасд  II Василий  хааны үед баригдсан юм.  Москвагийн улс өмнөд хилээ бат бэх байлгахаар чармайж байлаа. Кремль нь бат бэх цайз болох ёстой байлаа. Тэнд нэг ч харийн хүний хөл хүрэх ёсгүй байв. Үнэндээ хэзээ ч тэнд харийн  дайсны хөл хүрээгүй юм. Коломна хотын Кремль нь хэмжээгээрээ Москвагийн Кремлийн дараа ордог юм. Түүнийг байгуулахад  урчууд  Москвагийн Кремлийг загвар болгон авч үзэж байжээ.  Ханын урт  - 2 км, өргөн - 3-5 метр болон 18-24 метрийн өндөртэй юм. Нийт 17 цамхагтай байсан бөгөөд   бидний үеийг хүртэл дөнгөж  7 хадгалагджээ.  Маринкины цамхаг нь гайхалтай сайхан дүр төрхтэй юм. Энэ нэр нь 1614 онд москвагийн хаан ширээнд санаархагчдын нэгний эхнэр  польш зальхай эмэгтэй Марина Мнишекийн домогтой холбоотой юм.Бидэнд хүрсэн хувилбруудын нэгээр бол тэр “эрх чөлөөг мөрөөдөж “ нас баржээ. Харин өөр нэг хувилбраар бол  тэр “шаазгай болж хувираад” цонхоор нисэн оджээ.

Өнөөдөр хот сүмийн томоохон төв болсон бөгөөд дөрвөн хийд ажиллаж байна гэж Татьяна Коноваликова үргэлжлүүлэн ярихдаа «Кремлийн нутаг дэвсгэр дээр  эмэгтэйчүүдийн хоёр, эрэгтэйчүүдийн хоёр сүм байдаг юм.  Эртний Богоявленский Старо-Голутвины сүм 14-р зуунд  Дмитрий Донскойн зарлигаар байгуулагджээ. Эдгээр нутаг дээр байгаа сүмүүд нь ажиллаж байгаа бөгөөд  сүмд орж үзэх хүсэлтэй хэн бүхэн орж үзэж, дотор чимэг засалтай нь танилцаж, хурал номонд оролцох  боломжтой юм» гэлээ. 

Сүүлийн үед энэ сайхан  хотод ирэх хүсэлтэй жуулчдын тоо  харьцангуй өссөн билээ. Сонирхолтой аялалуудын зэрэгцээ та бүхнийг Бэлэгний ордонд очихыг зөвлөж байна. Тэнд гараар урласан гайхамшигтай, давтагдашгүй бүтээлүүд –зүүгээр нэхсэн эд зүйлүүд, цүнх сав болон үндэсний бэлэг дурсгалын зүйлүүд бий.  Коломна хотын өөрийн бренд : зөгийн балын дарс, коломны алдартай пастилыг та эндээс өөр хаанаас ч олохгүй. Жижгэвтэр 150 граммын хайрцагтай амттан 12-15 долларын үнэтэй юм. Ийм үнэ  эндхийн пастилд байлгүй яахав. Ямар амттай гэж санана.  Үүнээс гадна  өндөгний цагаантай хольсон алим, нохойн хошуу, лийр болон бусад төрлийн жимс байдаг юм. Тэгээд л болоо. Ямарч элсэн чихэр, химийн найрлага үгүй гэж байгаа.  Энэ бүгдийг та бол хэдхэн хоромын дотор л амтархан иднэ дээ.