АНУ-ын эрх баригчид «Аль Каида» байгууллагын гишүүд сирийн сөрөг хүчний дотор байж магадгүйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Жеймс Клаппер сенатийн зэвсэгт хүчний асуудал эрхлэсэн хороонд  энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр бол хэт даврагсад сирийн сөрөг хүчний эгнээнд байгааг саяхан илрүүлсэн байна. «Аль-Каида» байгууллагын гишүүд  2011 оны 12-р сард Сирийн нийслэл Дамаск  болон өнгөрсөн долоо хоногт Алеппо хотноо террорын ажиллагаа явуулсан байж магадгүй гэж Клаппер тэмдэглэн хэлжээ. «Ирак дахь «Аль-Каида» байгууллагын үүр Сирид ажиллагаагаа идэвхжүүлж байна гэж бид үзэж байна гэж АНУ-ын үндэсний тагнуулын албаны тэргүүн хэлснийг «Интерфакс» агентлаг дурдав. Сирийн сөрөг хүчин тархай бутархай байна. Засгийн газрын эсрэг үндэсний нэгдсэн хөдөлгөөн алга гэж Клаппер онцлов. «Практик хэрэг дээр нэгдээгүй сөрөг хүчний бүлгүүдийг сирийн чөлөөт арми хэмээн нэрлэсэн гэж америкийн тагнуулч хэлэв. «Аль-Каида» байгууллагын гишүүд эгнээнд нь байгааг сөрөг цэргийн хүчин мэдэхгүй байж чадахгүй гэж Жеймс Клаппер нэмж хэллээ.