Ираны цөмийн хөтөлбөр шинэ заагт хүрээд байна. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад салбарын сүүлчийн ололт амжилтыг 2-р сарын 15-нд мэдээлээд атомыг энх тайван зорилгоор ашиглахад нь хэн ч саад учруулж чадахгүй гэж мэдэгдэв. Гэвч өрнөдийн орнууд ба Израиль улс өөр үзэл санаатай байна. Ираны эсрэг цэргийн идэвхтэй ажиллагаа удахгүй эхлэнэ гэж шинжээчид үзэж байна. Орос улс Ираны эсрэг арга хэмжээнд хэрхэвч нэгдэхгүй гэж Москва анхааруулав.

Хатуу хориг ба сүрдүүлэг Тегераныг цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэнэ гэсэн өрнөдийн орнуудын тооцоот бүтсэнгүй. Москвагаас энэ тухай нэг бус удаа мэдэгдсэн билээ. НҮБ болон өрнөдийн зарим улсаас дангаар авч буй арга хэмжээнд Иран улсаас зохих хариу өгч байна. Ираны нефтийг европын орнуудад нийлүүлэхийг хориглосны хариуд Тегеран Нидерланд, Испани, Итали, Франц, Грек, Португали улсуудад нефть нийлүүлэхээ болих тухай 2-р сарын 15-нд мэдэгдлээ. Гэвч бүрэн төгс шийдвэр одоогоор гаргаагүй гэж  нефтийн яам хожим тайвшруулав. Ямар байсан ч өрийн хямрал ба ер бусын хүйтэнд  нэрвэгдсэн Европ Иранаас нефть авахаас энэ зун гэхэд татгалзах төлөвлөгөөтэй байсан учраас дээрх мэдэгдэл түүний хувьд гэнэтийн таагүй явдал болсон.

Ираны атомыг энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөр урагш ахисаар байна. Лхагва гаригт Тегераны шинжилгээний реакторт ираны үйлдвэрлэлийн түлшийг анх удаа хийлээ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад анхны реакторт түлш биечлэн хийв. Ураныг бараг 20 хувиар баяжуулж түлш үйлдвэрлэсэн. Энэ нь ираны эрдэмтдийн ололт гэж улсын телевизээр мэдээлжээ. Түүнээс гадна цөмийн салбарынхан ураныг баяжуулах 4 дэх үеийн шинэ хурилдуурыг үзүүлэв.

Ираны хил орчмын байдал даамжирч байна. Байдлаас харахад өрнөдийнхөн хориг нь амжилттай болоход итгэхгүй байж, Тегеранд  улам хүчтэй цэргийн шахалт үзүүлж байна.

Сирийн эргэн тойрны байдлын хүндрэл ч байдлыг тогтворгүй болгож байна. Башар Асадын дэглэмийг түлхэн унагахыг Вашингтон болон түүнтэй хамссан арабын орнууд шаргуу оролдож байна. Тэдгээр ухрахгүй. Юу гэвэл Сири, Иран хоёр улсын эсрэг ажиллагаа өрнөдийн төлөвлөгөөний нэг хэсэг болсон гэж цэргийн шинжээч Виктор Баранец үзэж байна. Тэрээр хэлэхдээ«Иран л өрнөдийн гол зорилго болсон. Байдал байлдааны ажиллагаа явуулах хүртэл даамжарвал  гол төлөв ираны цөмийн барилга байгууламжууд ба стратегийн ач холбогдолтой төвүүдэд хүчтэй цохилт өгнө. Сирийн тухайд гэвэл өрнөдийнхөн сирийн цэргээс цохилт өгөхөөс сэрэмжлэх арга хэмжээ авна» гэв.

 Зарим улс өнөөгийн нөхцөл байдлаар завшиж, Ираны засгийн газрыг түлхэн унагахыг оролдож мэднэ гэж Москва тэмдэглэв. ГХЯ-ны мэдэгдсэнчилэн Орос улс ийм хувилбарыг хэрэгжүүлэхэд огт оролцохгүй. Тус алхам чухам ямар уршигтай болохыг Ливийн эмгэнэлт жишээ нотлон харуулж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг бэлэн жор гэгчийг тусгаар улсуудад тулгаж хүлээлгэлгүй мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахад туслах ёстой.