Өнөөдөр НҮБ-ын ЕА зэвсэгт сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, энгийн номхон иргэдийн амь насыг бүрэлгэсний гэм бурууг Дамаскад тулгаж буруушаасан Сирийн асуудлаархи тогтоолыг  дийлэнх олонхийн саналаар батлав. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тухай  Арабын орнуудын холбооны уриаг дэмжсэн байна.Мөн Египет улсын бэлтгэсэн НҮБ-ын онц эрхт төлөөлөгчийг Сирид томилон ажиллуулах тухай Арабын орнуудын холбооны саналыг дэмжлээ. Гэвч НҮБ ба Арабын орнуудын холбооноос хамтран энхийг эрхэмлэх ажиллагаа явуулах тухай баримт бичигт  өгүүлээгүй.Урьд арабын орнуудын төлөөлөгчид энэ тухай ярьцгааж байсан. Орос, Хятад улсууд тогтоолыг эсэргүүцэв. Орос улс Сирид хүч хэрэглэх ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлгүүдээс холдох болон төрийн байгууллагуудад халдах ажиллагааг зогсоохыг сөрөг хүчинд уриалахыг санал болгосон билээ.

Тогтоолын төсөл тэнцвэргүй байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Түүний хэлснээр бол  баримт бичиг Сирийн удирдлагыг тусгаарлуулж, улс төрийн зохицуулалтын томъёоллыг гаднаас тулгах гэсэн хандлагыг агуулж байна. НҮБ-ын үйл ажиллагаа Ойрхи Дорнодын энх амгалан тогтвортой байдал ба дэлхийн хамтын нийгэмлэгийн эв нэгдэлд тус дөхөм үзүүлэх байтугай  асуудлыг хүндрүүлж байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын онц эрхт төлөөлөгчийн орлогч Ван Минь тэмдэглэв.

Тогтоолыг батласнаар  Сирийн  түгшүүртэй байдал даамжирч, тус улсын үйл хэрэгт гаднаас оролцож, тусгаар тогтнолы нь бусниулах зам нээгдэнэ гэж санал хураалтын өмнө НҮБ-д суугаа Сири улсын төлөөлөгч Башар Жафари анхааруулсан билээ. ЕА-н тогтоол зөвлөх төдий шинж чанартай. Одоогоос 11 сарын өмнө Сирид эмх замбараагүй байдал дэгдээсэн юм. НҮБ-ын тоо баримтуудаас харахад мөргөлдөөний уршгаар 5 мянга гаруй хүн амь үрэгджээ. Гаднаас дэмжлэг авч буй  зэвсэгт бүлгүүдийн ажиллагааны улмаас сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч  амь үрэгдсэн гэж Дамаск мэдэгдэв.