Умард Солонгос Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна. «Солонгосын ард түмний их удирдагчийн  төрсөн 2-р сарын 16-ны өдрийг  БНАСАУ-д  төрийн баяр болгон «Чиг заагч одны өдөр» хэмээн нэрлэжээ. Ким Чен Ирт генералиссимус цол 70 жилийн ойгий нь өмнөхөн нөхөн олгов.

Саяхан нас нөгчсөн «их удирдагчийн» анхны хөшөө - зургаан метр өндөр Ким Чен Ирийн баримал  түүний эцэг «их жолоодогч» Ким Ир Сений дэргэд сүндэрлэн босчээ. Яруу найрагчид Ким Чен Ирийг магтсан шүлэг зохиож, түүнд зориулсан үгийг хадан дээр сийлэн бичиж, концерт тоглож, үзэсгэлэн гаргаж байна. Хүмүүс их жолоодогчийн хөрөгт цэцэг өргөж байна.

 Ким Чен Ирийг ийнхүү тахин шүтэхийн гол зорилго түүний отгон хүү Ким Чен Ын  ядуу боловч цөмийн зэвсэгтэй улсад засгийн эрх барьж эхлэсэн үед БНАСАУ-д засгийг өвлүүлэн залгамжуулах явдлыг зөвтгөхөд оршино. Харин Европт боловсрол эзэмшсэн залуу удирдагч улс орныхоо гадаад дотоод бодлогод өөрчлөлт гаргана гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэг найдаж байна.

Тэрээр анхны алхам хийгээд байна. Вашингтон, Пхеньян хоёр  Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар  хэлэлцээ хийнэ. Америкийн Associated Press мэдээллийн агентлагийн сурвалжлагчийн  цэг нээгдэв. Умард Солонгосын удирдлага хятадын шинэтгэлийн туршлагыг анхааралтай судлах бодолтой байна. Гэвч Умард Солонгост үндсэн өөрчлөлт гарахгүй байх гэж сэтгүүлч Олег Кирьянов үзэж байна.

Тэр хэлэхдээ «Шинэтгэл нээлтэй болохоос Ким удмын удирдагчид эмээж байна. Мэдээллийг хяхан боох нөхцөлд Умард Солонгосын ард түмэн хилийн чанадад юу болж байгааг мэдэхгүй  байна. Мөн ямар учраас Өмнөд Солонгост хүмүүс огт өөр нөхцөлд амьдарч байна вэ гэж удирдлагаасаа асуухгүй байна. Умард Солонгосын эрх баригчид нийгмийн тэсрэлтийг хүлцэхгүй. Шинэтгэл явуулахаас татгалзах нь эсэн мэнд байх эрмэлзлийн илрэл юм. Буурьтай өөрчлөлт гаргаж эхлэсэн Румын ба бусад орны  удирдлагын хувь заяа  Кимийнхнийг сүрдүүлсэн» гэв.

 Умард Солонгосын гадаад бодлого юуны түрүүнд пуужин-цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи байр сууринд нь эрс өөрчлөлт гарахгүй гэж Олег Кирьянов хэлээд «Умард Солонгос пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө хэзээ ч татгалзахгүй. Цөмийн зэвсэгтэй байх нь улс орны тусгаар тогтнол, байгуулалтын баталгаа мөн хэмээн үзэж байна. Сүүлийн үед арабын орнуудад болсон хэрэг явдал ийм санаа бодлы нь бэхжүүлэв. Цөмийн бөмбөгтэй байвал АНУ ардчилал тогтоохоор ирэхгүй» гэв.

Нэгэн шинжээчийн урнаар хэлснээр Ливийн өнөөгийн байдал Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзана гэсэн найдварыг  «булшлав».    

Гэрэл зураг