АНУ, Хятад улсууд  үйл ажиллагаагаа илүү нягт уялдуулан зохицуулж, олон улсын нэн чухал асуудлаар хамтран ажиллахад хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Барак Обаматой уулзсаныхаа дараа мэдэгдэв.

 Ирээдүйн удирдагч Хятадад чухал ач холбогдолтой орнуудаар аялах нь засгийн эрхийг хятадын удирдагчдын нэгэн үеэс нөгөөд залгамжлуулах  үйл явцын чухал хэсэг болжээ. Ийм практик ажиллагаа 2000-н оны эхээр  БНХАУ-ын дэд дарга Ху Зиньтао нам, төрийн дээд албан тушаал хаших гэж байсан үед эхлэв. Энэ онд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ирэх онд БНХАУ-ын дарга болох Си Зиньпин мөн практик үйл ажиллагааг одоо үргэлжлүүлж байна.

Мэдээжээр Си Зиньпиний гадаад орнуудаар хийж буй аялал протоколын төдий арга хэмжээ бишээ. Эдгээр айчлалын явцад  ямар нэг улстай харилцах үндсэн  асуудлыг авч үзэж хэлэлцэж, цаашдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээний үндэс тавьж байна. Нэг талаас Хятадын түнш, нөгөө талаас гол өрсөлдөгч болсон АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр ямар нэг урагш ахих шийдвэр гаргахгүй бололтой. Бээжин Вашингтоны хоорондын харилцааг хэвийн болгож хөгжүүлэхэд байнгын яриа хэлэлцээ нэн чухал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал профессор Сергей Лузянин үзэж байна.

Тэрээр хэлэхдээ «Обаматой хийсэн хэлэлцээний төлөвлөгөөнээс харахад уламжлалт  багц асуудлыг хөндсэн байна. Миний бодоход улс төр, санхүү-эдийн засгийн асуудлуудад гойд анхаарал тавьсан байх. Европын ба олон улсын  байдал ба америк-хятадын худалдааны салбарт гарсан зөрчил үүнд нөлөөлсөн бололтой. Си Зиньпиниэс хэлэлцээний явцад зарчмын хувьд шинэ санал дэвшүүлээгүй. Тэрээр шинэ Хятад улсын дүр төрхийг л үзүүлсэн» гэв.

Хятадыг дээдлүүлэх үзэл баримтлал  шинэ дүр төрхий нь тодорхойлж байна гэж профессор Лузянин үзэж байна. Энэ нь Бээжингээс гадаадад хэрэгжүүлж буй эдийн засаг,соёл, хүмүүнлэгийн төслүүдээр илэрч байна. Хятадын олон улсын шинэ үүрэг  НҮБ-ын түүний дотор энхийг эрхэмлэгч үйл ажиллагаанд илүү идэвхтэй  оролцох болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гэх мэт хурц асуудлуудын шийдвэрт өргөн оролцох явдлаар илэрч байна.

Олон улсын үндсэн асуудлаар илүү хатуу байр суурь  баримтлах нь  шинэ дүр төрхийн бас нэг илрэл болсон. Урьд Хятад улс зарим асуудлаар  найр тавьж байсан бол одоо стратегийн ашиг сонирхолоо эрс шийдэмгий хатуу тууштай хамгаалж байна. Вашингтонд ийм байр суурь тэр болгон таалагдахгүй байна. Хятад улс ОХУ-тай хамт  саяхан НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар санал хураасан үед хориг тавьсанд сэтгэл дундуур байна гэж Обама Си Зиньпиньтэй уулзахдаа өгүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад гуравдахь ертөнцэд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Хятад Африк, Латин Америкт  үр нөлөөгөө өргөжүүлснээрээ АНУ-ыг сөрөн зогсож байна гэж профессор Лузянин үзэж байна.

АНУ, БНХАУ-ын хоорондын цэрэг-улс төрийн сөргөлдөөний тухайд гэвэл хоёр тал санал зөрөлдөөнийг зөөлрүүлэхийг оролдож байна. Цагаан ордны тэргүүн сэтгүүлчидтэй уулзахдаа «цэцэглэн хөгжиж байгаа хүчит Хятад улс  бүх АНДБН-ийн тогтвортой байдал, цэцэглэлтийн баталгаа мөн» гэжээ.

Хятадын удирдагчийг Пентагонд дээд зэргээр хүлээж авсан нь сонин шуу. 19 их буугаар ёслон буудаж, хүндэт харуул жагсаж, цэргийн найрал хөгжим марш хөгжимдэх нөхцөлд угтаж авсан байна. Америкийн цэргийнхэн төрийн тэргүүн нарыг ч ийнхүү тэр болгон угтаж авахгүй байгааг ажиглагчид тэмдэглэв.

Цэргийн шинэ шинэ эвслийг байгуулж АНДБН-т зонхилох гэсэн Вашингтоны оролдлогод Бээжин урьдын нэгэн адил сэжигтэй хандахыг Си Зиньпинь «АНУ, Хятад улсууд ашиг сонирхолоо харилцан хүндэгэх ёстой» гэсэн нь нотлон харуулж байна.

Си Зиньпинь айлчлалынхаа өмнөхөн «Вашингтон пост» сонинд ярилцлага өгөхдөө Хятад ба азийн бусад орнууд  америкийн цэргийн сүр хүчийг АНДБН-т зузаатгахыг эсэргүүцэж байна гэж мэдэгдэв. Энэ нь Си Зиньпинь засгийн эрхэнд гарсан үед ч Хятад АНУ-ын түнш төдийгүй  өрсөлдөгч хэвээр байх болно гэсэн үг билээ.