Энх тайвныг дэмжихийн тулд НҮБ-ын энхийг сахиулагчдыг тус улсад илгээх гэсэн АОЛ-ийн санаачлагыг Сири улс няцаалаа. АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Каирт ням гаригт хийсэн хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан юм.

АОЛ Сири улсад ажиллаж байсан өөрийн ажиглагчдаа татаж авсан юм. Энх тайвныг дэмжихийн тулд НҮБ-ын хүчинтэй хамтарсан хүчнийг тийшээ явуулахыг АОЛ уриалаж байгаа юм. Хамгийн богино хугацаанд НҮБ-ын ЕА-д зориулсан тогтоолын төслийг бэлтгэхийг НҮБ-д суугаа өөрийн төлөөлөгчиддөө сайд нар даалгасан байна. Дамасктай бүх харилцааг бүрмөсөн таслан зогсоож, хоригоо чангаруулахыг АОЛ уриалсан байна.

 НҮБ-ын “цэнхэр дуулгатнуудыг” Сири улсад явуулах санаачлагийг Ливан, Алжир улсууд эсэргүүцсэн байна. АОЛ-ийн шийдвэрийг Дамаск хүлээж авахаас татгалзлаа. Үүний цаана Катар, Саудын Арав улсууд байна гэж Дамаск сэжиглэж байна. Дамаск сүүлийн үед эдгээр улсуудтай маш түгшүүртэй харилцаатай байгаа юм. Эдгээр улсууд арабын улсуудын санаа бодлыг үл тоон АОЛ-ийн шийдвэр бүх арабын үйл ажиллагааг хууль бус болгож байна гэж АОЛ-ийн дэргэд Сири улсаас суугаа байнгын төлөөлөгч Юсеф Ахмед  мэдэгджээ.

АОЛ-ийн орнуудын сайд нарын уулзалтад сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид анх удаа байлцсан байна. Энэ зөвлөлийн төлөөлөгч Абдель Басиг Саид сэтгүүлчидэд мэдэгдэхдээ:

«Сирийн армийн цэргүүд болон танкуудыг хотоос гаргахыг бид шаардаж байна. Үүнээс гадна сирийн нутаг дэвсгэр дээр байгаа хүмүүнлэгийн байгууллагыг бидэнд хүртээмжтэй болгохыг хүсэж байна» гэлээ.

Сөрөг хүчинтэй улам нягт холбоо тогтооход бэлэн болон, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд АОЛ бэлэн байна гэж мэдэгдсэн байна. АОЛ-ийн хуралдааны дараа Цагаан ордоны ажилтнуудын аппаратын удирдагч Жейкоб Лью, ерөнхийлөгч Асадын засгийн газар  унах нь тодорхой энэ бол цаг хугацааны асуудал гэж мэдэгдсэн байна. Энэ байр суурийг баримтлагч талынханыг дэмжихгүй байна гэж нэрт араб судлаач, 1996-1998 оны хооронд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн байсан Евгений Примаков телевизид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ

 «Асадыг хүчээр унагсны дараа засгийн эрхэнд ямарч ардчилалгүй хүчин гарч ирнэ гэдгийг манай Барууны нөхдүүд гүйцэд ойлгохгүй л байна. Эдгээр зүйлүүдийг өөрсдийнхөө нэрээр нэрлэцгээе л дээ» гэж тэр хэллээ.

Энэ үеэр сирийн армийн тусгай бүрэлдхүүн Хомс, Хама хотуудад байгаа сөрөг хүчний зэвсэгт отрядуудын эсрэг ажиллагаагаа сэргээлээ. Орон сууц, улсын байгууллагууд, армийн харуулын байр зэргийг байнга буудаж байгаа алан хядагчид, дээрэмчид үргэлжилж байгаа хүчирхийлэлийн харицлагыг хүлээх ёстой гэж төр засаг үзэж байна. Дайнчид хэд хэдэн газар өөрсдийнхөө минижүүлсэн байшингуудыг дэлбэлсэн байна. Түгшүүртэй байдлын шинэ салаа үүсэж байгаа ч гэсэн сирийн дотоодын яриа хэлэлцээг эхлүүлэх ёстой гэсэн ОУ-ын санал санаачлага цаг үеийнх хэвээрээ байгаа гэдэгт Евгений Примаков итгэлтэй байна.

«Нөхцөл байдлаас гарах цорын ганц зам бол энэ гэж би үзэж байна. Өөрөөр яах вэ? Үгүй бол нэг тал нь нөгөө талынхаа цусаар гараа угаах болно. Дотоодын маш ширүүн сөргөлдөөний тухай Сири улсад ярих хэрэгтэй гэж үзэж байна. Эндээс гарах зам ганц л байгаа, энэ бол талуудыг ойртуулах явдал юм гэж Евгений Примаков хэллээ.

НҮБ-ын ЕА өнөөдөр сирийн асуудлаар хуралдаж байна. Төлөөлөгчидөд Сирийн тухай тогтоолын төслийг тараагаад байна. Энэ төсөл нь 2-р сарын 4-нд Орос, Хятад улсуудын хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолоос ялгарах юмгүй юм. Харин энэ удаа НҮБ-ын ЕА-н нэрийн өмнөөс ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг шаардах оролдлого хийхээр шийдсэн бололтой.

Сөргөлдөөний хоёр талынханд хүчирхийлэлээ зогсоохыг шаардсан уриалга энэ удаагийн баримт бичигт байгаа юм. Гэхдээ л хүний эрхийг зөрчих ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Дамаскыг буруутгасаар байна. Сирийн талаарх тэнцвэргүй тогтоолын төслийг НҮБ-ын ЕА дээр дэмжихгүй гэдгээ Москва хоёрдмол санаагүйгээр ойлгуулаад байна.

НҮБ-ын ЕА дээр хориглох эрх үйлчилдэггүй ба тогтоол нь заавал биелүүлэх хүчин чадалгүй юм. НҮБ-ын ЕА-гаар дамжуулан сирийн талаархи тогтоолыг батлах нь сирийн төр засагт үзүүлэх олон улсын даралт шахалтыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого юм.