Өнөөдөр 2-р сарын 13-нд анх удаагаа Бүх дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн 36-р чуулган дээр тус байгууллагын гишүүн орнууд ийм шийдвэр гаргасан юм. Энэ өдрийг тохиолдлоор ч сонгоогүй юм. 1946 оны 2-р сарын 13-нд НҮБ-ын радио анх удаа нэвтрүүлэг цацаж эхэлсэн юм.

Хамгийн анх шууд нэвтрүүлэг дамжуулж эхэлснээс хойш зуу гаруй жил өнгөрөөд байна. Радио зохион бүтээснийх нь төлөө оросын эрдэмтэн Александр Попов, италийн эрдэмтэн Гульельмо Маркони нарт хүн төрлөхтөн талархах ёстой билээ. Энэ хоёр эрдэмтний хэн нь эхлэж радио зохион бүтээсэн талаар одоо болтол маргасаар байгаа ч гэлээ нийгэм хүртээмжтэй, шуурхай мэдээлэлийн эх сурвалжтай болсон гэдэг нь маргаангүй үнэн билээ.

Радио нь бүх дэлхий даяар асар уудам сонсогчдын хүрээг хамардаг бөгөөд холбоо харилцааны харьцангуй хямд, үр ашигтай хэрэгсэл юм. Интернетийн хөгжлийн болон өндөр технологийн эрин зуунд ч гэсэн үр ашигтай хэрэгсэл хэвээрээ байна гэж оросын нэрт радиогийн сэтгүүлч Юрий Гейко тэмдэглээд «Тоон болон компьютерийн мэдээлэлийн технолог хүчтэй хөгжиж байгаа өнөө үед радио нэр алдар болон сонсогчдын хүрээгээ нэмэж чадсаныг би бүр гайхаад байгаа юм. Радио сонсогчдын хүрээнд ингэж үйлчилж чадна гэдэгт би үнэхээр итгэхгүй байснаа одоо хүлээн зөвшөөрч байна» гэлээ.

Хүмүүс тоон аппарат, хиймэл дагуулын болон гар утсны төхөөрөмжийн тусламжтайгаар долгионыг тааруулдаг болсон үед ч радио өөрийн цаг үеийн байдлыг алдаагүй юм. Одоо хүртэл радио хүлээн авагч гол хэрэгсэл хэвээрээ л байна.

Жишээ нь, 80 гаруй жил олон улсын долгион дээр “Оросын дуу хоолой” радио ажилсаар л байна. Урт, богино, FM  бүх долгионууд дээр нэвтрүүлгээ цацдаг радио станциудын нэг бараг цорын ганц гэж хэлж болох радио станц бол “Оросын дуу хоолой” радио юм. Ийм учраас л асар өргөн уудам хүрээг хамарч байгаа юм. Үүнийг манай сонсогчдын захидал батлаж байна. Одоо зарим нэгээс нь танилцуулья.

“Оросын дуу хоолой” радиог би 20 гаруй жил сонсож байна гэж Улаанбаатар хотын манай сонсогч Магсаржалам бичиж байна. Танай радиогийн хөтөлбөрүүдээс би Орос орны өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай, дэлхий дахинд болж байгаа чухал үйл явдлуудыг мэдэж авдаг юм. Танай радиогийн хурдан шуурхай, бодитой мэдээлэл надад маш их таалагддаг гэж” тэрээр нэгэн захидалдаа бичиж байсан юм.

Япон улсын радио сонсогч Нисио Хидэки өөрийн захидалдаа Москвагийн нэвтрүүлгийг өнгөрсөн жил Фукусимад болсон гамшгийн үеэр хэрхэн хүлээж авч байснаа бичжээ. «ОУ-аас радио долгионоор дамжин ирсэн чин сэтгэлийн үг нь бидэнд эв нэгдлийн сэтгэлийг бэлгэлэж бид нэгэн зүрх сэтгэлтэй гэдгийг мэдрүүлсэн юм. Танай радио станцийн нэвтрүүлгийг дунд долгион дээр барьж болдог болохоор дэмжлэг үнэхээр бодитой, ач холбогдолтой байсан билээ» гэж бичсэн байна.

Орчин үеийн радио хүмүүсийг нэгтгэж байна. Тэрээр мэдээлэлийг тарааж, сэтгэгдэл, мэтгэлцээнээ солилцох боломжийг хүмүүст тавьж өгч байна. Радио мөн онцгой байдлын үед ч хүмүүст туслаж байна. Тэрээр мэдлэгийн далайд умбах боломжийг өгч, соёл хоорондын ойлголцол болон харилцан хүндэтгэлийг хөгжүүлэх эрх чөлөөг олгож байна. Дахиад 100 жилийн дараа ч радио сэтгүүлчийн ажил өнөөдрийнх шиг нийгэмд эрэлт хэрэгцээтэй, өндөр хүндлэлтэй байх болтугай гэж ерөөе.