Арабын орнуудын лигийн \АОЛ\ гишүүн орнуудын ГХЯ-дын тэргүүнүүд, тус байгууллагын ажиглагчдын оронд Сири улсад энхийг сахиулагчдыг илгээх саналыг НҮБ-ын АЗ-д тавихаар шийдсэн байна. АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Каирт ням гаригт хийсэн хуралдаанаараа ийм шийдвэр гаргажээ.Энхийг сахиулагчдын бүрэлдхүүнд НҮБ-ын хүчнээс гадна арабын орнуудын хүчин оролцох боломжтой гэж “Аль-Жазира” телевизийн суваг хуралдааны дүнгээр мэдэгдсэн байна. Сири улсын төр засгийн төлөөлөгчидтэй “дипломат хамтын ажиллагаагаа” зогсоох талаар сайд нар тохиролцжээ. Гэхдээ энэ нь дипломат харилцаагаа бүрмөсөн таслаж, АОЛ-ийн орнуудаас Сири улсын элчин сайд нарыг хөөнө гэсэн үг биш юм. АОЛ-ийн орнууд Сири улсын төр засгийн эсрэг эдийн засгийн хоригоо чангаруулаж, сирийн сөрөг хүчинд үзүүлэх эдийн засаг, улс төрийн тусламжаа идэвхижүүлхээр шийдсэн байна. Харин сайд нар сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрээгүй юм. Хэрвээ зарим нэг улсууд шаардлагатай гэж үзвэл  Сирийн үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрч болно гэж сайд нар тэмдэглэжээ. Сири улсад олон улсын энхийг сахиулагчдыг байрлуулах шаардлагатай гэдэгт ерөнхийлөгч Башар Асадыг итгүүлэх талаар ОУ-д хандахаар АОЛ-ийн орнууд шийдсэн байна гэж “Аль-Жазира” мэдээлсэн байна.