Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д хүчээ авч байна. Одоогийн төр засгийн талынхан болон эсэргүүцэгчдийн жагсаал цуглаанаар 2-р сарын 4-нд гараагаа авсан сурталчилгааны хэсгийн эсэргүүцлийн ул мөр өнгөрч буй долоо хоногт огт оргүй боллоо. Төрийн тэргүүний өндөр албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа  нэр дэвшигчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Гэхдээ өрсөлдөгчдөө шүүмжлэхээ мартсангүй.

Хамгаалах хамгийн сайн арга бол давшилт байдаг, ганцаараа давшилж байснаас хоёулаа давшвал үр дүн нь илүү байдаг. Ийм учраас томоохон сөрөг хоёр нам ОХУКН болон ОУ-ын ЛАН-ын тэргүүнүүд Геннадий Зюганов, Владимир Жириновский нар телевизийн халз мэтгэлцээний үеэр бие биеэ шүүмжлэхгүй, өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрүүдийг хамгаалах байр суурь баримтлаж, одоогийн төр засаг болон нэр дэвшигч Владимир Путинг эрс шүүмжлэхээр шийдсэн бололтой.

Харин В.Путин энэ долоо хоногийн турш хийсэн уулзалтынхаа үеэр үг хэлэх, сонинд нийтлүүлсэн өгүүлэл зэрэгтээ ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар бодит сонгогчидтойгоо сэтгэгдлээ хуваалцлаа. Одоогийн засгийн газрын тэргүүний нийтлэл болон түүнийг улс төр судлаачид, сэтгүүлчид, эдийн засагчид зэрэг нийгмийн төлөөлөлтэй хэлэлцсэн явдал үнэхээр сайн пиар алхам боллоо гэж Хүмүүнлэг, улс төр судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Слатинов ярьж байна: «Энэ өгүүлэлүүд тэр дундаа эдийн засгийн шинэчлэлийг хөндсөн мөн сүүлчийн улс төрийн системийн шинэчлэлийг хамарсан нийтлэлүүд нь бухимдалд ороод байгаа дунд ангийнханд зориулагдсан байна. Одоогийн байгаа системийг шинэчлэхэд бэлэн байна гэдгээ Путин харуулж чадлаа. Энэ нь дунд ангийнхны бухимдлыг намжааж өглөө» гэж тэр ярилаа.

Оросын аж үйлдвэрийнхэн болон хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны их хурал дээр бизнес элитүүдэд В.Путин шудрага бус хувьчлалын тухай энэ сэдвийг бүрмөсөн хаахыг санал болгоод хамтарсан хүчээр энэ асуудлыг шийдэхийг бизнесменүүдэд санал болголоо. 90-ээд оны хувьчлалаас хэт ашиг олж байгаагийн нөхөн төлбөр болгож нэг удаа том татвар авах нь нэг механизм байж болох юм гэж В.Путин тэмдэглэсэн байна. Төрийн институц болон хууль эрх зүйн нормативүүдийг төгөлдөржүүлэх талаар засгийн газрын тэргүүн тодорхой алхамуудыг санал болголоо.

ОУ-ын эдийн засгийг хангалуун цөөнхийн хүчээр дэмжих өөрийн хувилбарыг ерөнхийлөгчид нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров санал болголоо: «Би сайн дурын нийгмийн төслийг санал болгож байна. Бид бүгдээрээ сайн дураараа өөрийн хувийн орлогын нэг хувийг болон манай компаниудын орлогын 0,2%-ийг нийгмийн санд оруулж болж байна. Мөн нийгмийн маш чухал хэд хэдэн асуудлыг шийдэх асуудлыг өөртөө хүлээж болно. Жишээ нь, хорт хавдар болон зүрх судасны өвчнийг эмчлэх арга барилыг судлаж байгаа лабораторуудыг  санхүүжүүлж болж байна. Бид ямарч төслийг хэрэгжүүлж чадна. Тэгэхлээр яг ийм л хандлага нийгэм дэх бидэнд итгэх итгэлийг сэргээхэд тус болно» гэж тэр ярилаа.

Хоёр намыг нэгтгэх талаар ОХУКН-тай хэлэлцээр хийхэд би бэлэн байна гэж гэнэт мэдэгдсэн “Шудрага орос орон” намын тэргүүн Сергей Миронов ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны аутсайдер боллоо. Сонгуулийн өмнөх кампанит ажил ид өрнөж байхад ийм мэдэгдэл хийнэ гэдэг улс төрийн хувьд өөрийгөө егүүтгэж байгааатай адил гэж шинжээчид үзэж байна.

Оросын нийслэлд олныг хамарсан бас нэг шинэ жагсаал цуглаан болох нь. ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч В.Путины сонгуулийн өмнөх штаб Москвад 2-р сарын 23-нд олныг хамарсан эх оронч жагсаал цуглаан хийхээр бэлдэж байна. Энэ жагсаалд нэр дэвшигч өөрөө оролцох ба “Эх орноо хамгаалцгаая” гэсэн уриан дор болох юм. Харин “Шудрага сонгуулийн төлөө” эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч сөрөг хүчнийхэн 2-р сарын 26-нд Москва хотын Садовое цагирагыг амьд гинжээр бүслэхээр бэлтгэж байна.