Олон улсын оюутны спортын холбооны боловсролын төв 2013 онд Дэлхийн зуны Универсиадыг зохион явуулах Казань хотноо нээгдэж байна. Ойрын үед түүний сууринд ажиллах спортын залуу сэтгүүлчдийн олон улсын сургуульд  элсэлт зарлана. Түүнээс гадна энд зуны Универсиадад сайн дураараа туслах хүмүүсийг бэлтгэнэ.

 Олон улсын оюутны спортын холбооны төсөл дээр Казаньд бараг хоёр жилийн өмнө ажиллаж эхлэсэн гэж Олон улсын боловсролын төвийн удирдагч Лилия Бариева мэдээлээд «2010 онд Москвад «Орос бол спортын гүрэн улс мөн» форумын хүрээнд  санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн төвийн үзэл баримтлалыг ч боловсрууллаа. Одоо Универсиадад сайн дураараа туслах хүмүүст зориулсан сургалтын хөтөлбөрийг гүйцээж боловсруулж байна. Оюутан залуучуудын спортын наадмыг оролцуулан олон улсын спортын өргөн цар хүрээтэй  тэмцээний менежеруудэд зориулсан сургалтын хөтөлбөрийг энэ намар хэрэгжүүлж эхлэнэ» гэв.

Одоо спортын залуу сэтгүүлчид суралцах «Нью-Медиа» сургуулийн курсыг бэлтгэж дуусч байна. Энд оюутны спортыг зохион байгуулах мэргэжилтнүүдийг бэлтгэхийг Лилия Бариева тэмдэглээд «Спортын менежмент, маркетинг заах юм. Мөн спортын арга хэмжээний удирдах боловсон хүчин, спортын хөтөлбөр, спортын сэтгүүл зүйд гойд анхаарал тавих юм.

Цаашдаа спортын инжиниринг,анагаах ухаан болон сэргээштэй хийх тэмцлийн хөтөлбөрүүдийг бэлтгэхээр төлөвлөсөн юм. Янз бүрийн маш олон тэмцээн Орост явагддаг. Гэвч дэлхийн аврага шалгаруулах тэмцээн, Универсиад, Олимпийн наадам зэрэг томоохон тэмцээнд боловсон хүчин дутагддаг. Бэлтгэлтэй боловсон хүчин хүрэлцэхгүй байна» гэлээ.

Казань дахь Олон улсын боловсролын төвийг инновацийн төсөл болон энэ хотод болох Универсиадын гол үр дүнгийн нэг хэмээн үзэж байна гэж Олон улсын оюутны спортын холбооны удирдлага нэг бус удаа мэдэгдсэн юм.