2012-2013 оны хичээлийн жилд Орос улсын Засгийн газар Монгол улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд   орос улсын их, дээд  сургуулиудад  суралцах монголын иргэдэд олгох 300 оюутны стипендийг гаргажээ. Монголын оюутнууд азийн орнууд дотор  хамгийн олон тооны квотыг  эзэлдэг байна гэж Оросын их, дээд сургуулиудад монголын оюутнуудыг элсүүлэх  асуудлаар 20 гаруй жил ажиллаж байгаа, Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны ерөнхий мэргэжилтэн Татьяна Соболева онцлон тэмдэглээд

«Монгол улс хоёр дахь жилдээ Орос улсаас их хэмжээний оюутны стипендийг авч байна.  Ингэхдээ тус улсын хүн ам ердөө 3 сая орчим байхад шүү дээ. Өгөгдсөн  стипендийн нийт тооны 230 нь оюутнуудад зориулагдсан юм. Үлдсэн бусад нь Орос улсын аль ч их, дээд сургуулиудад  дээд боловсролыг үргэлжлүүлэх буюу аспирантур, докторантурт суралцагсдад  зориулагдсан юм.   Боловсролын яамнаас гадна нилээд хэдэн олон нийтийн байгууллагууд их, дээд сургуульд  стипендтэй оюутан элсүүлэх  эрх   эдлэж  байна.  

Жишээ нь, Монгол дахь Оросын “Россотрудничество“ байгууллагын  төлөөлөгчийн газар болон Орос улсад /ЗХУ/ их, дээд сургууль төгсөгчдийн Монголын  холбоо зэрэг байгууллагууд орсон байна.Түүнчлэн, Оросын улс-түмний найрамдлын их сургууль, Москва, Санкт-Петербург, Екатеринбургийн уул уурхайн дээд сургуулид болон Тюмений Нефть-хийн дээд сургуулиуд нь  төлбөргүй сургалтын үндсэн дээр сургалтаа явуулж байна. Ингээд жил бүр ОХУ-д   нийт 400 монгол  охид, хөвгүүд  их, дээд сургуульд суралцаж эхлэх боломжтой боллоо» гэлээ.

Орос улсад суралцах батламжийг хэн, хэрхэн яаж авч байна? Уламжлал ёсоор Оросын их, дээд сургуулиудад суралцах  элсэлтийн шалгалтууд 3-р сарын сүүл, 4-р сарын эхээр  Монгол улсад явагддаг.  Бүх асуудлыг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх  ухааны яамны түшмэлүүд шийддэг.  Суралцах хүсэлтэй залуус орос хэлний шалгалтыг заавал өгөхийн зэрэгцээ,  бусад хичээлүүдээр холбогдох мэргэжлийн дагуу шалгалтуудыг  өгөх ёстой байдаг. Гэтэл Татьяна Соболевагийн ярьж буйгаар, Москва, Эрхүү хотуудад оюутнуудын бүртгэл хийж байхад Улаанбаатар хотод орос 10 жилийн дунд сургууль төгссөн аттестаттай хүүхэд ирж байжээ. Гэтэл оросоор нэг ч өгүүлбэр, нэг ч үг мэдэхгүй байжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 20 хуурамч аттестатыг илрүүлжээ.   

Татьяна Соболева цааш нь ярихдаа, Монголд Оросын их, дээд сургуулиудад элсэгчдийн мэдлэг, бэлтгэлийг үл хайхран,  элсэгчдийн эцэг, эхээс нь асар их мөнгө саадаг  фирм  ажилладаг шиг байгаа юм. Гэтэл энэ бүгд нь хичээлийн шинэ жил эхлэнгүүт л тодорхой болдог. Сүүлийн үед оросын дээд сургуулиудаас, ялангуяа анагаахын их сургуулиудаас монгол оюутнууд их хөөгдөж байна.

«Суурь мэдлэг тааруугаас болж зарим оюутнууд  суралцаж чадахгүй байна.  Энэ бол тэр хүүхдүүдийн буруу биш юм. Жишээ нь: гол асуудал химийн хичээлд байна. Монголын зарим  сургуулиудад  химийн хичээлийг  сул заадаг юм уу, хөдөөгийн сургуулиудад багш хүрэлцээгүйгээс болдог ч байж мэдэх юм. Тэгтэл уул уурхай, инженерийн мэргэжилд суралцахад химигүйгээр явахгүй шүү дээ. 

Мөн шугам зургийн хичээл асуудалтай байдаг.Тиймээс миний  зүгээс эцэг, эхчүүдэд зөвлөхөд  хүүхдүүдийнхээ  сонгох мэргэжлийнх нь дагуу хичээлийг нь   анхаараач ээ, оросын их, дээд сургуулиудад оруулна гэх эргэлзээтэй амлалтуудад хууртан, салхинд  мөнгөө бүү хийсгээчээ л гэх  байна» гэж Татьяна Соболева хэллээ.

Одоогийн байдлаар  Орос улсад нэг мянга таван зуу орчим монгол оюутан, аспирантууд суралцаж байна.  Тэдний дундаас  хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа нь уул уурхай, төмөр замын тээврийн инженерийн мэргэжлүүд байна.  Эдгээр мэргэжлүүдээр Монголд зориулан орос улсын ихэнхи хотуудад  сургалт    явагддаг юм.