Өрнөдийн тэргүүлэх улс төрчид өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Башар Асадтай хийсэн хэлэлцээнийг  тайлбарлсаар байна. Мөн уулзалтын үеэр Сирийн ерөнхийлөгч улс орныхоо улс төрийн бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд ойрын үед  шинэ Үндсэн хуулиар бүх ардын санал хураалт явуулах өдөр хугацааг зарлахаа мэдээлэв. Өрнөдийнхөн эдгээр мэдэгдэлд итгэхгүй байна. АНУ-ын улс төрчид Асадыг эсэргүүцэгчдэд зэр зэвсэг албан ёсоор нийлүүлж эхлэхийг санал болгов.

Мөргөлдөөнийг сөрөг хүчинтэй  улс төрийн замаар зохицуулж болно гэж Дамаск итгэж байна. Улс төрчид ч эгэл жирийн хүмүүс ч энэ талаар ярьцгааж байна. Оросын төлөөлөгчдийг Сирид элэгсэг дотно угтаж авсан гэж энэ удаа Сергей Лавровыг дагалдан явсан «Оросын дуу хоолой» радиогийн тусгай сурвалжлагч Ольга Денисова хэлээд «Сирийн нөлөө бүхий төлөөлөгчид оросын дипломат ажилтнуудыг нисэх онгоцны буудалд, хотын олонхи оршин суугч хотын төвд тосч авлаа.

Сири, Орос улсуудын далбаа барьсан олон мянган хүн  сайдын машины цуваа явах үеэр замын хажууд зогссон байв. Цагдаа нар жагсагчдыг арай хийж тогтоон барив.Машины цуваа ерөнхийлөгчийн ордонд ойртох тусам тэд  «Орос, баярлалаа!» гэж  улам чанга хашгирав.Цагдаа нарын хүч хүрэлгүй хөдөлгөөн бараг зогссон үед хүмүүс гар барилцан сайдын машины цувааг дагалдан явж зам гаргасан» гэлээ.

Ойрын үед Сирид шинэ Үндсэн хуулиар бүх ардын санал хураалт явуулна. Улс төрийн бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийнэ гэж Асад хэлэлцээний явцад батлан илэрхийлэв. Москва үүнд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Сири дундын уулзалт Оросын нийслэлд хийж болзошгүй. Асад албан ёсны төлөөлөгчидээ явуулахад бэлэн байна. Гэвч дэглэмийг улайран эсэргүүцэгчид хэлэлцээ хийхээс татгалзаж байгаад хэргийн учир оршино. Засгийн газартай харилцан найр тавих цаг өнгөрсөн гэж сөрөг хүчний удирдагчийн нэг Камаль аль-Лабвани Би-би-сид мэдэгдэв. АНУ-ын Төрийн департамент ч адилхан агуулгатай үг хэлжээ.

Сирийн ГХ-ийн дэд сайд Фейсал аль-Меклад «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө улс оронд нь гарсан мөргөлдөөний талаархи зарим улсын байр суурийг хөндөн яриад «Орос улсын байр суурь  Сирийн байдлыг ахин тогтворжуулж, хүн амыг гаднын хүчнээс дэмжиж байгаа терроризм, хүч хэрэглэх ажиллагаанаас хамгаалахад чиглэгдснийг мэдэж байна.

Оросын байр суурь эргэлзээ төрүүлэхгүй байна. Бусад орны тухайд гэвэл сүүлийн арван сард Сирийн эсрэг явуулж буй гүжирдэн гүтгэх олон улсын ажиллагаа тэдгээрт  нөлөөлж байна. Гэвч хүч хэрэглэх буюу ийм ажиллагааг дэмжих замаар  сирийн асуудлыг шийдвэрлэж болохгүй. Сири болон сирийн ард түмэнд сайн сайхныг хүсэхгүй этгээдүүд л тийм ажиллагаа явуулна» гэв.

 АНУ-ын засаг захиргаа Асадыг албадан огцоруулахын тулд шахалт үзүүлсээр байх болно гэж Барак Обама мэдэгдэв. Харин үүнээс илүү радикал арга хэмжээ авч болзошгүйг БН намын төлөөлөгч сенатч Жон Маккейн сирийн самуун дэгдээгчдэд зэвсэг нийлүүлэхийг санаачлав. Франц улс ч сөрөг хүчинд туслахад бэлэн байна. Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох санал дэвшүүлсэн Парис Дамаскын эсрэг шинэ шинэ хоригийг боловсруулж байна.

Гэвч Дамаск өрнөдийг нэлээд удаан сөрөн зогсоход бэлэн байна гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлээд «Сирийн дэглэм нэлээд бат бэх байна.Дайсанд ноцтой хохирол учруулам цэргийн хүчит баазтай.Алжир маягийн 8 жил үргэлжлэсэн иргэний дайнд бэлэн байна. Харин улс орныг сүйтгэж мэдэх лалын хэт даврагч хүчнийг засгийн эрхэнд гаргах гээгүй» гэв.

 Турк улс сирийн асуудлаар улам идэвхтэй ажиллагаа явуулж байгааг улс төрчид тэмдэглэв. Сирийн хойд хэсэгт сирийн сөрөг хүчин туркийн армиар өөрсдийгөө хамгаалуулж хүчээ зузаатгах «завсрын бус» гэгчийг байгуулна гэсэн цуу яриа тархсан билээ. Сирийн асуудлаар шинэ санаачилгыг бэлтгэж байна гэж одоо Анкара албан ёсоор мэдэгдлээ.