Ховор металлын нийлүүлэлтийн асуудлаар гадаадын компаниудын хувьд Хятад улс гадуурхах бодлого явуулаагүй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Хятад улсад хийж байгаа айлчлалын үеэр ингэж мэдэгдлээ.

Хятадын болон германын бизнесменүүдтэй уулзахдаа Вэнь Зябао ховор металл нийлүүлэх квот гадаадын ч, дотоодын ч компаниудад ижилхэн байгаа гэж мэдэгдсэн байна. Хятад улс байгалын нөхөн сэргээгдэхгүй нөөц баялагыг хадгалахын тулд хязгаарлалт тогтоосон гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд мэдэгдсэн байна.Экологийн байдал чухал хүчин зүйл юм. Барууны орнууд Хятад улсыг байгалын баялагыг хайр гамгүй ашигладаг, хүрээлэн байгаа орчны асуудалд анхаарал хандуулахгүй байна гэж байнга шүүмжилдэг байсан шүү дээ. Тэгэхлээр тэд одоо Хятадыг буруутгахад хэцүү юм. Өөрийнхөө эрдэс баялгын бүрэн эрхт байдлыг бас эргэлзээтэй байдалд оруулж болохгүй. Харин квотын тухай асуудал улс төрийн талбарт шилжээд байна. Учир нь газрын ховор металл нь стратегийн бараа юм. Түүнгүйгээр орчин цагын электроникийн олон үйлдвэрлэл, тэр тусмаа батлан хамгаалахын зориулалттай үйлдвэрүүд бүр ажиллахгүй. Тэдгээрийг мөн химийн аж үйлдвэр болон машины үйлдвэрт хэрэглэдэг юм. Супер компьютерууд, лазер, айфонууд, хос хөдөлгүүртэй машинууд, шингэн кристаллын зурагтуудын үйлдвэрүүд зэрэг нь энэ хомсдмол түүхий эдгүйгээр шууд зогсоно. Газрын ховор металлын нийлүүлэлтийн 90%-ийг өнөөдөр Хятад улс хянаж байна гэж ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан, профессор Яков Бергер “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ: «Нөөц хязгааргүй биш шүү дээ. Энэ төрлийн түүхий эдийн олборлолт, худалдаанд Хятад улс хязгаарлалт тогтоож байна. Энэ бол ямарч улсад байдаг л практик ажил шүү дээ. Квот тогтоох асуудлын Хятад улс өөрийнхөө гадаад эдийн засгийн болон гадаад улс төрийн бодлогодоо ашиглах нь өөр асуудал юм. Нэг талаас хэмнэлт гарна нөгөө талаас өөрийн ашиг сонирхолыг хангахын тулд өрсөлдөгчиддөө дарамт шахалт үзүүлэхийг оролдоно» гэж тэр ярилаа.

Хэрвээ ЕХ, АНУ-ын нөлөөтөйгөөр Хятадад нийлүүлэх өндөр технологийн бараанд тэр тусмаа батлан хамгаалахын бараанд хязгаарлалт тогтоож байгаа бол Хятадаас ямар нэгэн буулт хүлээх хэрэг байна уу? гэж профессор Яков Бергер егөөтэйгээр асууж байна. Ангела Меркель БНХАУ-д айлчлахынхаа өмнө Хятад улсыг европын эдийн засагт хөрөнгө оруулахыг уриалахыг ЕХ-ны түншүүддээ санал болгосон юм. Бээжингийн дэмжлэг нь эдийн засгийг цаашид унахаас сэргийлэж, ажлын шинэ орон тоо бий болгоход маш чухал юм. Европын хөгжлийг дэмжихэд Бээжин ерөнхийдөө бэлэн байна. Харин хариуд нь европын зах зээл дээр шинэ шинэ боломжуудыг нээж өгхийг шаардаж байна. Өндөр технологийн салбарын хамтарсан үйлдвэр байгуулахад хятадын бизнесийг чөлөөтэй оруулах мөн өндөр технологийн компаниудын хувьцааг худалдан авах боломж нээх тухай ярьж байгаа юм.

Өнөөдөр хятадтай өрсөлдөх цорын ганц давуу тал бол технологийн тэргүүлэх байдал гэдгийг европын компаниуд тэр тусмаа герман, францын компаниуд сайн ойлгож байгаа. Газрын ховор металлийн эргэн тойронд бий болсон маргаан ч гэсэн үүнтэй холбоотой юм. Анх хархад бооцоо тэнцүү юм шиг... Европт технолог байна, Хятадад өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй  шаардлагатай баялаг байна. Ийм учраас л талууд байрлалын наймаа хийж байгаа ба бууж өгөхийг хэн нь ч хүсэхгүй байна. Гэхдээ цаг хугацаа Европын талд биш байна. Асар их алт валютын нөөцтэй Хятад улс өндөр технологийн хүрээн дэх өөрийн боловсруулалтыг маш идэвхитэй дэмжиж байна. Энэ хөгжлийн явцыг тогтоон барина гэдэг зөвхөн цаг хугацааны асуудал юм.