Орос улсын Ардын жүжигчин Лев Лещенкогийн 70 насны ойд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө "ОДХ" радио, Эрхэм сонсогч та бүхэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлийн урт замыг туулахдаа тэрээр хэдэн үеийнхний зүрх сэтгэлийг татсан юм. Лев Лещенкогийн дуулсан олон олон дууг эх орны эстрадын сонгодог дуунууд гэж зүй ёсоор үздэг ба "Төрсөн гэр минь" дуу тэдний нэг нь билээ. Лев Лещенко 1942 оны 2-р сарын 1-нд Москва хотод удам дамжсан офицерийн гэр бүлд төржээ. Түүний эцэг нь Дэлхийн 2-р дайны үед Москва орчмын тулалдаанд оролцож явсан ба одон медалиудаар шагнагдаж байжээ. Ээж нь эрт бурхан болсон болохоор бяцхан Лев "цэргийн хуарангийн хүү" байжээ. Тэрээр томчуудтай хамт цэргийн гуанзанд хооллож, цэргийн жагсаалд алхаж, 4 настай байхдаа цэргийн хувцас өмсөж үзжээ. Харин цэргийн алба хаах насанд хүрмэгцээ Лев Лещенко танкын ангид алба хаасан байна.

Түүний сайхан дуу хоолойг анхааралгүй өнгөрсөнгүй, командлагчид нь түүнийг дуу, бүжгийн ансамбльд шилжүүлсэн байна. Лещенко шууд л гоцлол дуучин болжээ. Театр урлагын улсын дээд сургуулийг төгссөний дараа Лев Лещенко москвагийн дуурийн театрт ажиласан байна. Дараа нь тэрээр гоцлон дуулахаар шийдсэн байна. Тэрээр Болгар улсад 1972 онд болсон нэр хүндтэй "Алтан Орфей" дууны уралдааны тэргүүн шагнал болон польшийн Сопота хотод болдог нэр хүндтэй дууны наадмын эхний шагналыг тус тус хүртсэн байна. Дайнаас эргэж ирээгүй бүхэнд зориулсан "Тэр цэрэг эрсийн төлөө" дууг энэ уралдаануудад зориулж сонгосон байна. Лев Лещенкогийн урын санд цэргийн сэдэв томоохон байр эзэлдэг юм. Жишээ нь, яруу найрагч Владимир Харитонов, хөгжмийн зохиолч Давид Тухманов нар фашистын Германийг ялсан Агуу их ялалтын 30 жилийн ойд зориулан зохиосон "Ялалтын өдөр" гэдэг дуу Лещенкогийн дуулснаар олонд түгэж, асар их нэр хүндтэй болсон юм. Энэ дуу ЗХУ-д болон түүний БН улсуудад тэмдэглэдэг 5-р сарын 9-ны өдрийн ялалтын баярын цэргийн парадын салшгүй нэг хэсэг нь байлаа."Ялалтын өдөр" дууг Лев Лещенкогийн нэрийн хуудас гэж зүй ёсоор нэрлэж болно.

Өндөр, царайлаг Лев Лещенко тайзан дээр биеэ маш сайн авч явдаг юм. Тэрээр сэтгэл татам инээмсэглэл, тослог зөөлөн баритон хоолой, сэтгэлийн гүнээс хайлан дуулдагаараа үзэгчдийг байлдан дагуулдаг юм. Үнэн сэтгэлээсээ чадварлаг дуулдагын нэг жишээ нь 1980 онд Москва хотноо болсон зуны Олимпын хаалтын үеэр тэрээр Александра Пахмутовагийн "Москва минь баяртай" гэдэг дууг дуулж хэдэн мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлээнг уйлан хайлуусан билээ. Дараа нь Лев Лещенко энэ дууг дуучин Татьяна Анцифероватай хамт дуулж бичүүлсэн юм.Уран бүтээлийнхээ амьдралыг Лев Лещенко эстрадын дуугаар хязгаарлаагүй юм. Бараг 10 жил тэрээр Гнесиныхний нэрэмжит оросын хөгжмийн академийн дуулаачийн ангид багшлаж байна. Лев Лещенко уран бүтээлийн байнгын эрэлд хатаж явдаг хүн. "Дуурийн хий үзэгдэл" телевизийн төсөлд саяхан тэрээр оролцсон байна. Энэ удаа эстрадын нэрт дуучинд дуурийн төрөлд хүчээ сорихыг санал болгожээ. Лев Лещенко энэ төсөлд оролцогчдын дунд хамгийн ахмад нь байсан боловч гайхамшигтай жүжиглэж дуулсан юм.

Өнөөдрийн манай хөтөлбөрөөр дуучин Лев Лещенко Россинигийн "Севилийн үсчин" дуурийн дон Базилиогийн ариг дуулна. Лев Лещенко хагас зуун жил зөвхөн тайзан дээр байгаад зогсоогүй алдар хүндийн оргилд байна. Олон олон дээд шагнал, одон медалийн эзэн тэрээр сая сая хүний зүрхний хайртай дуучин болжээ. Ганган дэгжин, царайлаг тэрээр үргэлж сайхан харагддаг юм. Ингээд Орос улсын Ардын жүжигчин Лев Лещенкодоо уран бүтээлийн урт удаан замналыг хүсэж түүний дуулсан "Гургалдайн дуутай төгөл" гэдэг дуугаар нь энэ хөтөлбөрөө өндөрлөх гэж байна. Энэ дуунд "Итгэлээр дүүрэн хүмүүний зам, бидний амьдралын алсын алсад харагдана" гэсэн гайхамшигтай мөр байдаг юм