Германы Daimler автомашины концерн КАМАЗ-ын хяналтын багц хувьцааг авах төлөвлөгөөтэй байна. Ойрын үед оросын  томоохон авто үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлаар Ростехнологи улсын корпорацтой  хэлэлцээ хийж эхлэнэ. Хэлэлцээр хоёр талд ашигтай болно гэж шинжээчид үзэж байна.

 Daimler 2008 онд КАМАЗ-ын 10 хувь хувьцааг худалдан авч түүний нэг эзэн нь болсон. Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа германы тал хувиа 11  хүртэл нэмэгдүүлж, үнэт цаас солилцох асуудлаар өөр хувьцаа эзэмшигчидтэй  хэлэлцээ хийж эхлэв. «Тройка Диалог» өөрийн хувийг худалдана гэж тэр үед үзэж байсан. Одоо «Ростехнологи» улсын корпорацын багц хувьцааг худалдан авах хувилбар бодит шинжтэй болсон.

Нилээд хэдэн жилийн турш бэлтгэж буй арилжаа бүгдэд ашигтай гэж «Автостат» агентлагийн магадлан шинжлэх хэлтсийн дарга Андрей Топтун хэлээд «Оросын лут том үйлдвэрт хамтын ажиллагаа ашигтай. Тухайлбал Daimler-ын технологи КАМАЗ-ын үйл ажиллагааг урагш ахиулж мэднэ. Энэ төслийн хүрээнд КАМАЗ автомашинууд зах зээлд зохих байр  суурь эзлэнэ. Харин КАМАЗ ямар учраас Daimler-т хэрэгтэй болсон бэ? КАМАЗ  оросын  даацтай ачааны машины зах зээлд давамгайлж байна. Орос Дэлхийн худалдааны байгууллагад элссэн ч тэргүүлсээр байх болно. Энд нэгдсэн үйлдвэрүүд худалдааны хүрээнд тэргүүний байр эзлэдэг» гэв.

 Гадаадын компаниуд төдийгүй оросын талаас санаачилга дэвшүүлсний ачаар ийм боломж бий болсон гэж «Норд капитал» хөрөнгө оруулалтын бүлгийн шинжээч Роман Ткачук тэмдэглээд «Renault-Nissan АВТОВАЗ-ын хяналтын хувьцаа эзэмшигч болох тухай мэдэгдснээс хойш дөнгөж долоо хоног өнгөрсний дараа Daimler КАМАЗ-ын хяналтын багц хувьцааг худалдан авахаа мэдэгдсэн нь тэмдэглүүштэй. Оросын талаас санаачилга дэвшүүлсэн гэж бодож байна. Ростехнологи хувьцаагаа худалдаж, оросын автомашины зах зээлийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар шийдсэн юм шиг байна» гэв.

Оросын автомашины зах зээл гадаадын компаниудын сонирхолыг жилээс жилд илүү их татаж байна. Өнгөрсөн онд VW Group, GM Group, Ford, Renault-Nissan, Toyota зэрэг компани Орос улсад байр сууриа бэхжүүлэв. 2012 онд ч сонирхол татсаар байх болно гэж Роман Ткачук үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Эдугээ оросын зах зээл гадаадын үйлдвэрлэгчдэд нэлээд сонирхолтой зах зээлийн нэг болсон. Юу гэвэл зах зээл өргөжиж, дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа зах зээлийн нэг болсон. Иймээс сонирхол татаж байна. Тэр тусмаа оросын засгийн газраас ийн сонирхолыг дэмжиж, гадаадын авто үйлдвэрлэгчдэд оросын зах зээлд гарах таатай нөхцлийг бүрдүүлж байна» гэв.

Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн явдал  гадаадын үйлдвэрлэгчдийг урамшуулж байна. Хураамж багассан учир зах зээлд  эзлэх байр ахин хуваарьлагдаж мэднэ. Юуны түрүүнд автомашины зах зээлд тэгэх бололтой. Ачааны машинд ногдуулсан хураамж тав дахин, суудлын машиных 30-аас 25, 7 жилийн дараа 15 хувь хүртэл багасах юм. Иймээс гадаадын компаниуд оросын зах зээлд байр сууриа бэхжүүлэх нь чухал юм. Оросын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ эрэлт хэрэгцээтэй болгохын тулд  гадаадын лут томоохон авто үйлдвэрүүдийн дэмжлэг хүлээх ёстой.