Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль ойртох дутам тэмцэл улам хурцдаж байна. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшэгчид хатуу мэдэгдэл харилцан хийж, эдийн засгийн  ба төр улсынхаа улс төрийн ирээдүйн  асуудлаар үзэл санаагаа сонгогчдод танилцуулж байна. Харин улс төр судлаачид төрийн тэргүүнийг сонгоход  хичнээн шатны сонгууль шаардагдах асуудлыг эргэцүүлэн бодож байна.

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуулиийн анхан шатны дүнгээр ялж болохыг нийгэм судлалын санал асуулгын тоо баримтууд харуулж байна. Анхан шатны сонгуулийн дүнгээр хамгийн хүчитэй нэр дэвшэгч ялна гэж Оросын хүн амын гуравны хоёр нь үзэж байна. Эдүгээ ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд Владимир Путин тэргүүлж байгаа нь эргэлзээгүй. Харин дахин санал хураалт шаардагдаж болзошгүй гэж Путин үзэж байна.

Тэрээр нөхцөл байдал ингэж явагдахад бэлэн байна. Юм бүхэн оросын иргэдийн сонголтоос шалтгаална гэж Владимир Путин мэдэгдээд «Намайг дэмжихгүй бол ажиллах гээгүй. Эсвэл  үйл ажиллагаа учир агуулгагүй болно. Тэгвэл өөр хүмүүс ажиллаж, илүү сайн хийхийг оролдох ёстой. Энэ нь иргэд маань ОХУ-ын хувь заяаг өөр зүтгэлтний гарт шилжүүлнэ гэсэн үг. Улс оронд тулгарсан зорилтуудыг биелүүлэхэд нь тэдгээрт туслах хэрэгтэй» гэв.

Чухам хэн төрийн тэргүүн болох нь анхан шатны санал хураалтын дараа тодроно гэж ерөнхийлөгчийн албан тушаалд бас нэр дэвшсэн Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский итгэж байна. Тэрээр өөртөө итгэж, улс оронд улс төрийн уур амьгал өөрчлөгдөхийг тэмдэглээд «Манай ард түмэн  боловсронгуй болсон. Эрх баригчид ард түмэнтэй тохиролцох ёстой. Улс төрийн «өвөл» улиран өнгөрч байна. Ардчилал бүрэн төгс тогтоож эхэлье» гэв.

 Сонгуулийн дахин санал хураалт гарцаагүй явагдана гэж төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн «Шудрага Орос улс»  намын удирдагч Сергей Миронов үзэж байна.

 Ерөнхийлөгчийн албан тушаалд КН-аас нэр дэвшсэн намын тэргүүн Геннадий Зюганов  сэтгүүлчидтэй уулзахдаа  эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх арга барилыг танилцуулав. Байгалийн нөөцийг хураах нь зайлшгүй чухал гэж Геннадий Зюганов үзэж байна. Сонгуулийн үр дүнг гуйвуулахаас сэрэмжлэхийн тулд сонгуулийн явцад  хатуу хяналт  тавих хэрэгтэй гэж тэрээр хэлээд «Бид сонгуульд хяналт  тавихад аль болохоор туслана. Тэгэхийг их хичээж оролдож байна. Одоо гурван хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулсан юм. Тэдгээрийг ерөнхийлөгчийн сонгуулиас наана батлавал санал хулгайлахад хэцүү болно» гэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргахгүй бол улс төрийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэж төрийн тэргүүний албан тушаалд бие дааж нэр дэвшсэн тэрбумтан Михаил Прохоров  батлан илэрхийлээд «Улс төрийн нам байгуулах санаатай байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол өөрийн талынханаа нэгтгэн нягтруулж, санал санаачилгаа турших сайн талбар юм. Энэ нь миний хувьд урт хугацааны төсөл билээ. Улс төрийн хүрээнд нэлээд удаан ажиллахаар ирсэн»  гэв.

Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд тэргүүлэгчээс өөр зүтгэлтнүүд ч улс төрийн үйл ажиллагаагаа ахиулна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал  хэд хэдэн албан тушаал улс төрийн сөрөг хүчний төлөөлөгчдэд санал болгож болзошгүй гэж Владимир Путин хэлжээ.