Өөр үндэстэн ястан, шашинг хүлээн зөвшөөрдөггүй түрэмгий үзлийг Орос улсад арилгаж байна гэж Москва дахь Хүний эрхийн товчооны захирал Александр Брод мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  2010 онд үндэстэн ястан буюу шашинг хүлцэхгүй үзлээс болж 193 мөргөлдөөн гарсан бол 2011 онд ийн 110 хэрэг явдлыг бүртгэжээ. Гэвч үндэсний асуудал ОХУ-ын удирдлагын анхаарлын төвд байсаар байна.

Москва дахь Хүний эрхийн товчооны тоо баримтуудаас харахад 2011 онд үндэсэрхэг үзлээс болж 31 хүн амь үрэгдэж,120 хүн бэртэж гэмтэжээ. Энэ нь урьд  оныхоос нэлээд бага боловч  бас л их тоо юм  гэж Александр Брод тэмдэглээд «Сүүлийн дөрвөн жилд үндэсэрхэг радикал бүлэг ба хүнийг үзэн ядагчдын  үйлдсэн аллага, зодоонд хэлмэгдэгсдийн тоо багасав.

Энэ нь хууль сахиулах байгууллагууд болон прокурорын газар, Мөрдөн байцаах хороо ажлаа сайжруулсаны үр дүн юм. Хууль сахиулах байгууллагууд  үндэсэрхэг радикал бүлгийг хоргүй болгож ажиллагааг нь тасалдуулан зогсоох, мөргөлдөөнд оролцогчдыг саатуулах арга хэмжээгээ идэвхжүүлэв. Шүүх насаар нь шоронд хорихийг оролцуулан хатуу шийтгэж байна. Энэ нь радикал үзэлтнүүдийн идэвхжлийг бага зэрэг  намжаахад нөлөөлөв» гэлээ.

 Нөгөө талаас оросын нийгэмд иргэд бие биендээ илүү тэвчээртэй хандах болсныг тэмдэглэх хэрэгтэй гэж «Хүний эрхийн төлөө» байгууллагын гүйцэтгэх захирал Лев Пономарёв хэлээд «Саяхан Ислам шашны баяр боллоо. Лалын олон арван мянган сүсэгтэн Москвагийн төв исламын сүм рүү зүглэж, зам хаав. Энэ нь хотын оршин суугчдад саад учруулсан нь мэдээжийн хэрэг. Гэвч тэднийг үзэн ядаж хүч хэрэглэх гэсэн оролдлого гарсангүй. Энэ нь таатай тохиолдол» гэв.

 Ер нь бараг хүн бүр өөр үндэстэн ястан, шашинг үл хүндэтгэх үзэлтэй байдаг.Улс орны байдал тогтворгүй, нийгэм эдийн засгийн хөгжил сулхан байвал иргэд өөр газар нутгаас ирсэн хүмүүс ба өөр ёс заншилтай хүмүүст түрэмгий ханддаг. Ийн нөхцөлд ихээхэн зүйл эрх баригчид ба олон нийтийн зүтгэлтнүүдийн байр сууринаас шалтгаалдаг.

 ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин эл асуудалд анхаарал тавьж байна. Тэрээр мөн сэдэвт өгүүллээ өнгөрсөн долоо хоногт «Независимая газета» сонинд нийтлүүлэв. «Маш олон хэл, уламжлал, угсаа, соёлтой Орос улсын хувьд үндэсний асуудал  тулгуур шинжтэй болсон нь дамжиггүй. Хариуцлагатай ямар ч улс төрч, олон нийтийн зүтгэлтэн иргэний ба үндэстэн хоорондын зөвшил манай орны орших гол болзол гэдгийг ухамсарлах ёстой» гэж Путин өгүүлэлдээ онцлов.

 Боловсрол өөр үндэстэн ястан, шашинг үл хүлцэх үзлийг устгахад их үүрэг гүйцэтгэж байна гэж хүний эрхийг хамгаалагч Александр Брод онцлоод «Оюутан сурагчид ба бүх насны хүмүүсийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,сургалтын хөтөлбөрөөр  гэгээрүүлэх боловсронгуй хөтөлбөр байх ёстой. Мэдээжээр төрийн эрх зүйн үндэсийг тухайлбал цагаачлалын бодлогын хүрээнд  боловсронгуй болгох асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй» гэв.

 Иргэний нийгэм янз бүрийн хуулийн төслийг санаачлаж батлахад идэвхтэй оролцох боломжтой болсон өнөө үед өөр үндэстэн ястан, шашинг хүлцдэггүй үзлийг  арилгах үндэсний шинэ бодлогыг боловсруулж болно гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.