Бүх дэлхийн өвлийн Универсиад-2019 оюутны 29-р наадмыг явуулах эрхийн төлөө мэдэгдлээ өгөх кампанид Орос улсын албан ёсны төлөөлөгч статусыг Зүүн Сибирийн Красноярск хот авлаа. Зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх тухай засгийн газрын тэргүүний нэр дээрх даалгаварт ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурсан байна. Универсиад-2019 наадмыг явуулхаар тус хязгаарын төвийн нэрийг дэвшүүлсэн холбооны засгийн шийдвэрийг Красноярск хотын оршин суугчид хэлэлцэж байна. Энэ наадмыг зохион байгуулахад манай хоттой өрсөлдөх хот байхгүй гэж Красноярск хязгаарын Аялал жуулчлал, залуучуудын бодлого хариуцсан яамны сайд, энэ санаачлагын эздийн нэг Сергей Гуров үзэж байна: «Олон улсын болон холбооны түвшингийн уралдаан тэмцээнийг зохион байгуулахад Красноярск хот бэлэн байна. Үүний тулд манайд түүх соёл, санхүүгийн боломж, хүмүүсийн эрч хүч байна. Бүр ЗХУ-ын үед хуримтлуулсан сайхан туршлага бидэнд байна. Спортын барилга байгууламжууд ч байна, шинээр объектууд барих төлөвлөгөө ч байна. Универсиад явуулах газрыг тодорхойлох хоёр жилийн хугацаанд бид маш идэвхитэй бэлтгэх болно. Энэ наадмыг явуулах эрхийг авдаггүй юмаа гэхэд бид спортын шинэ шинэ байгууламжуудыг барих ажлаа үргэлжлүүлж, тамирчдыг бэлтгэсээр байх болно» гэж тэр ярилаа.

1990-ээд оны дундуур Красноярск хотыг Сайн санааны тоглолт явуулах газар гэж товлож байсан юм. Харамсалтай нь эдийн засгийн боломжоос болоод тэр үед Енисей мөрний эрэг дээр тэр наадмыг явуулж чадаагүй билээ. Өнөөдөр Сибирийн бүс нутгуудын эдийн засаг өсөлтийнхөө үед байна, тэгэхлээр Универсиад зохион явуулах хөрнгө олдоно гэж Сергей Гуров ярьж байна: «Бид гарах зардлыг Холбооны эдийн засгийн яамтай хамтран тооцож эхлээд байна. Универсиад явуулах Казань хотын туршлагыг судлах болно. Онгоцны буудал, зам, зочид буудал зэрэг дэд бүтэц байгуулахад асар их хөрнгө шаардлагатай нь ойлгомжтой. Хоккей, уран гулгалтад зориулсан хэд хэдэн спортын объектууд мөн цанын цэнгэлдэх хүрээлэн, 120 метрийн өндөртэй трамплин зэргийг шинээр барих шаардлагатай байна. Мэдээж хэрэг спортын хотхон барих хэрэгтэй» гэж тэр ярилаа. Казань, Сочи, хөл бөмбөгийн дэлхийн аврагын хотуудын нэрийг дэвшүүлж байсан мэргэжилтнүүд Красноярск хотын өргөдлийг бэлтгэж байна. 2019 онд Өвлийн Универсиадыг Енисей мөрний эрэг дээр явуулах ёстой гэдэгт сибирьчүүд дэлхий дахиныг итгүүлэхийг хичээж байна.