Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль болох 3-р сарын 4 хүртэл бага хугацаа үлдээд байна. Болох сонгуулийн талаар нийгэмд ч шүрүүн хэлэлцүүлэг болсоор байна. Төр засаг болон сөрөг хүчнийхэн сүрт жагсаал хийхээр төлөвлөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас Григорий Явлинский, Дмитрий Мезенцев нар хасагдлаа. Харин тэрбумтан Михаил Прохоров энэ өндөр албан тушаалын төлөө өрсөлдөх албан ёсны нэр дэвшигч боллоо. Сонгуулийн өмнөх кампанит ажлыг тэргүүлэж байгаа Владимир Путин улс орныхоо өнөө болон ирээдүйг хэрхэн харж байгаа тухайгаа бичиж байгаа цуврал нийтлэлийнхээ нэгийг хэвлүүлж, Оросын Өмнөд нутгийн ард түмнүүдийн форумд оролцож, Кемеров болон Томск мужуудад ажлын айлчлал хийлээ.

Сүүлийн арван жилд анх удаагаа ерөнхийлөгчийн сонгууль жагсаал цуглааны дунд болохнээ. Төр засаг болон сөрөг хүчнийхнийн хооронд сонгогчдын дэмжлэгийг авахын төлөө ширүүн өрсөлдөөн болж байна. Сөрөг хүчин болон В.Путины талынхан 2-р сарын 4-нд сүрт жагсаал хийхээр бэлтгэж байна. В. Путины талынхан Москвагийн төвд жагсаал цуглаан хийх гэж байгаа нь иргэдийн дунд сөргөлдөөн үүсгэх өдөөн хатгалга гэж "Шудрага сонгуулийн төлөө" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах хорооныхон үзэж байна. Орос улсын ирээдүйн тухай төсөөлөл өөр өөр байгаа ч гэсэн сонгуулийн системийг шинэчлэх шаардлагатай байгаа гэдгийг сөрөг хүчин ч төр засаг ч сайн ойлгож байгаа гэж Төрийн Думын дэд дарга, "Нэгдсэн ОУ" намын гишүүн Олег Морозов үзэж байна: «Бүх иргэд, бүх улс төрийн хүчнүүд энэ сонгуульд хяналт тавих эрхтэй байх ёстой. Үүний үр дүнд ардчиллын хэм хэмжээнд тохирсон хөгжингүй, ажиллах чадвартай улс төрийн систем бий болох ёстой» гэж тэр ярилаа.

Манай нам хэд хэдэн хуулийн төслийг бэлтгэсэн ба одоо Төрийн Думд өргөн бариад байна гэж ОХУКН-ын дарга Геннадий Зюганов мэдэгдээд: «Санал хулгайлах, нэмэлт засвар хийх, булхайдах зэргийг хүндрүүлэн үзэх шалтгаантай эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх ёстой. Сонгуулийн комиссийг зөв бүрдүүлэх нь хамгийн гол асуудал юм. Энэ комисст парламентад суудалтай нам бүрээс 3 төлөөлөгч байх ёстой» гэж тэр ярилаа. Сонгуулийн хуулинд эрс өөрчлөлт хийх ёстой гэж ОЛАН-ын дарга Владимир Жириновский үзэж байна: «Сонгуулиас өмнө урьдчилсан санал авч болохгүй. Гэрээс санал авах, бүртгэлээс хасах талон зэрэг байх ёсгүй. Хүн өөрөө л сонгуульд биеэрээ ирж саналаа өгөх ёстой түүний өмнөөс хэн ч гарын үсэг зурах эрх байхгүй. Сонгуулийн хайрцаг тунгалаг байх ёстой» гэж тэр ярилаа.

"Шудрага Орос орон" намын тэргүүн Сергей Миронов Үндсэн хуулийг бүрмөсөн өөрчлөхийг санал болголоо. Ерөнхийлөгч болсон хүн хоёр удаа дараалан сонгогдох биш бүх амьдралынхаа туршид хоёр удаа л сонгогдох эрхтэй байх ёстой гэдэгт тэр итгэлтэй байна. Түүний сонгуульд оролцож байгаа явдал нь Кремльтэй тохиролцсон зүйл биш гэдгийг Михаил Прохоров олон нийтэд ойлгуулахыг хичээсээр байна. Прохоров одоогийн ерөнхий сайдын гол өрсөлдөгч болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ олигарх эхний шатанд 15-20%-ийн санал авч, түүний үзэж байгаагаар заавал болох ёстой хоёрдугаар шатанд орно гэж тооцож байгаа юм байна.

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн гол шуугиан бол "Яблоко" намын дарга Григорий Явлинский, Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцев нарыг ерөнхийлөгчийн сунгаанаас хассан явдал байлаа. Тэдний талынхны гарын үсэг нь хуурамч байссан нь гол шалтгаан болжээ. Түүний сонгуульд оролцох боломжийг хасаж байгаа нь улс төрийн бодлого гэж Григорий Явлинский мэдэгдсэн байна. Харин В.Путин өрсөлдөгчдийнхөө дунд тэргүүлсэн хэвээрээ байна. Бүх Оросын олон нийтийн санал асуулгын төвийн судалгаанаас харахад түүний төлөө саналаа асуугдасдын 50 орчим хувь нь одоо саналаа өгөхөд бэлэн байна.