Оросууд ямар дуунд дуртай болон тэдний эрхэлдэг ажлаас энэ нь хэрхэн шалтгаалдагыг Superjob.ru интернет порталын судалгааны төв судлаж үзсэн байна. Рок, поп, сонгодог хөгжмийн урсгалыг ОУ-ын иргэдийн олонхи нь сонсдог болох нь тодорхой болжээ. Рокыг оросуудын 41% нь, поп хөгжмийг саналаа асуугдагсдын гуравны нэг нь, харин сонгодог хөгжмийг попоос арай цөөн хүн сонсдог байна. Харин цахилгаан хөгжим сонсогчид сонгодог хөгжим сонсогчдын тоотой тэнцүү байжээ. Оросуудын тавны нэг нь орос шансон болон хип-хоп сонсдог байна. Орос шансон бол гэмт хэргийн ертөнцтэй ихэнхдээ холбоотой байдаг хөгжмийн тусгай урсгал юм. Шансоны дараа жаз, блюз, регги хөгжмийн урсгалууд дэс дараалан оржээ.

Харин эмэгтэйчүүд поп, сонгодог хөгжмүүдэд дуртай байхад, эрчүүд нь рок, цахилгаан хөгжим, реп, шансон, блюзыг илүүтэйд үздэг байна. Энд бас насны ялгаа харагдаж байна. Жишээ нь залуучууд цахилгаан хөгжим, реп, регги сонсож байхад ахмад үеийнхэн сонгодог хөгжим, блюз, шансон, ардын хөгжим, кантри сонсох дуртай байна. Харин санхүүгийн хувьд авч үзэх юм бол саналаа асуугдагчдын орлогын хэмжээ өсөх тусам сонгодог хөгжмийг сонсох нь илүү болж байна. Саналы нь асуусан оросуудын эрхлэж байгаа ажил хөдөлмөрөөс шалтгаалан сонсдог дуу хөгжим нь өөр байгааг судалгаагаар илэрүүлжээ. Жишээ нь багш, сэтгэл судлаач, эмч нар сонгодог хөгжмийг илүүтэйд үздэг байна. Харуул хамгаалалтынхан шансон, системийн зохион байгуулагчид компьютерийн хөгжим тус тус сонсох дуртай байдаг байна. Хөгжмийн бүх төрөл, урсгалыг сонсох дуртай сэтгүүлчид жинхэнэ хөгжмийн донтонгууд болох нь тодорхой болжээ.

Урьд нь ярьж байснаар поп хөгжмийг ОУ-д эмэгтэйчүүд илүү сонсдог байна. Тэгэхлээр энэ төрлийг хатагтай нар олноороо ажилладаг газрууд илүүтэйд үздэг байна. Эдгээр нь банкны ажилчид, компьютерийн операторууд, боловсон хүчний менежерүүд, сувилагчид юм. Рок хөгжмийн янз бүрийн урсгалыг программ зохиогчид, сэтгүүлчид, системийн зохион байгуулагчид сонсох дуртай байдаг байна. Жааз, блюз хөгжмийг сэтгүүлчид, уран барилгачид, PR менежер, компанийн удирдагчид сонсдог байна. Харин шансоныг харуулынхнаас гадна барилгын ажилчид, жолооч нар, сувилагчид сонсох дуртай байдаг байна. Энэ дуунууд нь жинхэнэ амьдралын тухай өгүүлдэг гэж тэд үздэг юм. Залуучууд олноороо ажилладаг салбаруудад хип-хопыг их сонсдог байна. Саналаа асуугдагсдын олонх нь бүх үеийн дуунууд болон бүх радио станцуудыг сонсох дуртай гэж хариулжээ. Саналаа асуугдагсдын дунд хөгжимд огт дургүй хүмүүс ч таарсан байна.