Сталиныг нас барахад нүүрнээс нь авсан хэвийг Их Британид үнэ хаялцуулах худалдаанд зарлаа. Түүний нүүрний хоёр хүрэл хэвийг Баруунд гаргасан ба хувийн цуглуулагч нарт байгаа гэдэг нь л тодорхой байсан юм.

Зөвлөлтийн төрийн тэргүүнүүдийн хувийн эд зүйл барууны үнэ хаялцуулах худалдаан дээр гарах нь ховор үзэгдэл байсан юм. Харин Иосиф Сталиныг нас барахад нь авсан хүрэл хэв бол үнэхээр санаанд оромгүй зүйл юм. Зөвлөлтийн ард түмний агуу их жолоодогчийн нас барснаас хойш хэдхэн цагийн дараа зөвлөлтийн уран барималч Матвей Манизер түүний нүүрнээс гипсээр хэв авсан гэдэг нь тодорхой байдаг юм. Дараа нь энэ гипсэн хэвнээс 9 хүрэл хэв цутгаж авсан юм. Энэ хэвийг ОУ-д удаан жил хадгалсан боловч өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр Москвад үзэсгэлэн зохион байгуулахаар ирсэн английн нэртэй арт-дилер Жеймс Бирч хоёр хүрэл хэвийг Лондонд аваачсан юм. "Өлсгөлөн, дээрэмдлэгт нэрвэгдсэн 90-ээд оны үед" энэ хүрэл хэвүүд англи нөхөрт ямар үнэ цэнээр олдсныг таах л үлдээд байна. Мэдээж хэрэг нэг их үнэтэй олдоогүй нь тодорхой. Харин Баруунд бол өндөр үнэ өгөх хүн олон байсан юм. Бирч Лондонд ирэнгүүтээ нэг хүрэл хэвийг Сотбисийн үнэ хаялцуулах худалдаан дээр зарсан ба тэр хэв шууд л хаалттай цуглуулгад орсон бололтой. Харин саяхан хоёр дахь хэвийг үнэ хаялцуулах худалдаан дээр зарлаа. Энэ худалдаан дээр энэ хэвнээс гадна зөвлөлтийн жолоодогчийн хоёр гарны сарвууны хүрэл хэвийг зарсан байна.

Үнэ хаялцуулах хуалдааны Mullock s компанийн төлөөлөгч хүрэл хэвний эзнийг тодруулсангүй. Түүх сонирходог хэн бүхэнд Сталины нас барсны дараах хэвийг худалдаж авах гайхамшигтай боломж байлаа, ойрын ирээдүйд иймэрхүү зүйл Баруунд дахиад орж ирэхгүй гэж энэ үнэ хаялцуулах худалдааны компанийн түүхч, шинжээч Уэствуд-Брукс ярьсан байна. "Хүнийг нас барсных нь дараа нүүрнийх нь хэвийг авах нь эрт дээр үеийн уламжлалтай юм. Эртний Египет, Грекийн хаад болон Фараонууд нүүр царайгаа үр удамдаа сануулж байхын тулд ийм хэвийг захиалдаг байжээ. Харин одоо хүмүүст ийм зүйл шаардлагагүй болж дээ, зургы нь Фейсбукт суулгаад л болоо гэж" түүхч өгүүлсэн байна. Бидний үеэс нэг их холгүй эрин зууны хүмүүс ч бас нас барсны дараах хэвийг захиалдаг байсан байна. Тэдгээр нь гол төлөв жүжигчид, хөгжимчид байлаа. Жишээ нь Бетховены нас барсны дараахи хэвийг бүгд сайн мэднэ. Харин жолоодогчид, улс төрчдийн хэвийг хийсэн нь ховор байдаг юм. Миний мэдэхээр хоёр удирдагч Наполеон, Иосиф Сталин нар л нас барсны дараах хэвийг захиалсан гэж шинжээч ярьсан байна. "Бүр Черчилльд ч хэв байхгүй шүү дээ гэж" ноён Уэствуд-Брукс үнэн сэтгэлээсээ өгүүллээ.

1953 онд агуу жолоодогч нас барснаар сталины цуст дэглэм дууссан ба түүний занданшуулсан цогцсыг Мавзолейд Ленинтэй зэрэгцүүлэн 1961 оны хүртэл байрлуулсан юм. Дараа нь Сталины цогцсыг Мавзолейгээс гаргасан ба Лениний цогцс одоо хүртэл тэнд байсаар байна гэж худалдаа болохын өмнөхөн тус Үнэ хаялцуулах худалдааны компани мэдээлсэн байна. Энэ хэвний урьдчилсан үнэ нь 5000 фунд стерлинг буюу 8000 доллар байлаа. Харин худалдаа 3000-аас эхэлсэн байна. Сталины хүрэл хэвийг англичууд нэг их сонирхохгүй байгаа нь тун удалгүй мэдэгджээ. Харин 3600 фунд буюу 6000 орчим доллар дээр очоод худалдан авагчид түр зогссон байна. Үүний дараа худалдаа зохион байгуулагч Сталины нас барсны дараахи нүүрний болон гарын царвууны хэвийг утсаар худалдаанд оролцогч хүнд зарсан болохыг зарлажээ. Энэ үл мэдэгдэх худалдан авагчийн цаана юу нуугдаж байж болох талаар оросын эртний зүйлийн шинжээч Дмитрий Динцис ярихдаа: «Ийм цуглуулга хийж байгаа хүмүүс түүнийг хэн нэгэнтэй хуваалцахын тулд худалдаж аваагүй байх. Энэ нь хувийн цуглуулагч ч байж болох юм. Эсвэл хувийн ямар нэгэн сан ч байж болно. Тэд дараа нь иймэрхүү зүйлүүдээр үзэсгэлэн, зургийн үзэсгэлэн гаргах гэж ч байж болох юм. Энэ хэвийг худалдаж аваад дараа нь эх оронд нь буцааж өгөх зорилгоор ямар нэгэн шинжлэх ухаан, урлагийн ивээн тэтгэгч авсан ч байж мэднэ. Ойрын хэдэн жилийн дотор ямар нэгэн мэдээлэл гарч л таараа» гэлээ.

Английн Шропшир гүнлэгийн Ладлоу хотын үнэ хаялцуулах худалдаан дээр улс төрчдийн гарын үсгүүд, захидлууд бүр улс төрийн элэглэл зургууд зэрэг түүхэн үнэ цэнэтэй зүйлүүдийг үнэ хаялцуулан худалдаалсан байна.