Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн таван зүтгэлтний нэг «Шудрага Орос улс» намын удирдагч Сергей Миронов сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө үндсэн  заалтуудыг тодорхойлсон өгүүллэгээ нийтлүүлжээ. Одоо улс төр судлаачид нэр дэвшэгчдийн үндсэн үзэл санааг харьцуулах боломжтой болсон. Нэр дэвшэгчдийн  улс төрийн хөтөлбөрүүд бараг ялгаагүй хийгээд эдийн засгийн тал нь сулхан байгааг шинжээчид тэмдэглэв.

 Коммунист Геннадий  Зюганов, социалист Сергей Миронов, либерал-ардчилсан намын Владимир Жириновский нар   засгийн эрхийг ард түмэнд, хүн бүхнээс чадвараар нь хүн бүхэнд хэрэгцээгээр нь гэх мэт зүүний уриа лоозон дэвшүүлж байна.

     Улс орноо шинээр үйлдвэржүүлж, эдийн засгийн бодит салбаруудад ногдох татварыг багасгаж, орлогын татварыг цалингийн хэр хэмжээнээс шалтгаалуулна гэж КН-ын тэргүүн Зюганов амлаж байна. Тансаг эд хогшилд татвар ногдуулна гэж Сергей Миронов амлажээ. Түүнээс гадна хахуульдагчдыг шоронд хориж, эд хогшилы нь хураана гэж тэрээр сүрдүүлэв. Мөн түүнчлэн бүх шатны депутатуудын халдашгүй эрх, хөнгөлөлтийг хүчингүй болгож, этил спиртийн үйлдвэрлэл, эргэлтийг улсын монопольт байдалд хамруулна гэж Миронов амлажээ.

    Либерал-ардчилсан намын тэргуун ч их юм амлаж байна. «Жириновскийг сонго!Тэгэхгүй бол өнөөгийнхөөс муу болно» гэсэн уриаг тэрээр сонгон авчээ. Түүнчлэн үндсэрхэг үг яриа тархааж, орон сууц, ажилгүйдлийн бүх асуудлыг шийдвэрлэж, авилгал, мансууруулах бодисыг устгах амлалт өгсөн юм.

     Нэр дэвшэгчид шинэ юм санал болгоогүй.Тэд суржин хийсвэр уриа дэвшүүлсэн гэж Стратегийн хөгжлийн загвар зохиох төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук харамсан хэлээд

«Эдгээр хөтөлбөрт шинэлэг зүйл алга. Миний бодоход Миронов, бизнес эрхлэгч Прохоров нарын хөтөлбөрүүд бодит амьдрал ба сонгогчдын хүсэлтэй холбоогүй байна. Иймээс тэд гол нэр дэвшэгч Владимир Путинаас хоцорч байна.  Оросын хүн амын сэтгэлийг хөдөлгөөн сэдвүүд Путины хөтөлбөрт тусгалаа олсон байна» гэв.

Нэр дэвшэгчдийн санал эдийн засгийн асуудлаар зөрөж байна. Зюганов улсад өмч хураах төлөвлөгөөтэй байна. Миронов офшорыг хориглож, байгалийн нөөц  хэрэглэх эрх зохих этгээдүүдэд олгохын төлөө байна. Энэ нь ЗХУ-д буцах, капитал их хэмжээгээр улс орноос гарах, эдийн засаг буурах хор уршигтай болж мэднэ гэж «Открытие  Капитал» хөрөнгө оруулах компанийн эдийн засагч Владимир Тихомиров хэлээд

 «Ийм арга хэмжээ Оросын эдийн засгийн бодлого, эдийн засгийн байгууламжийн уг чанарыг нэлээд өөрчлөх уршигтай болно. Эдийн засгийн олонхи салбар улсын хяналтад шилжих юм. Төрийн үүрэг нөлөө бүхий бүх хүрээнд нэмэгдэнэ. Энэ нь Орос улсад гадаадын компаниуд ба хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хүндрүүлнэ. Юу гэвэл бүх этгээд ашиг олохоор л хөрөнгө оруулдаг шуу. Ашигаа гадаадад гаргахыг капитал гаргахтай адилтгана. Ийм арга хэмжээнүүд Оросын хөрөнгө оруулалтын уур амьсгалд маш зохисгүй нөлөө үзүүлэх нь дамжиггүй» гэв.

Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн таван нэр дэвшэгч маргаж эргэлзэх шинэ шинэ шалтгааныг сонгогчид ба  улс төр судлаачдад өдөр бүр олгож байна.