ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин өнөөдөр Ленинградын бүслэлтийг сэтлэсний 68 жилийн ойн өдөр Санкт-Петербург дахь Пискарёвын оршуулгын газарт бүслэлтэд хэлмэгдэгсдийн хөшөөнд хэлхээ цэцэг өргөв. Түүнчлэн засгийн газрын тэргүүн ахмадуудтай уулзав.

Ленинградын төлөө тулаан Дэлхийн 2-р дайны хамгийн удаан үргэлжлэсэн тулаан байлаа. 900 өдрийн бүслэлт хотын 1 сая оршин суугчийн амь насыг бүрэлгэв. Гитлер Ленинградыг үнсэн товрог болгохыг санаархав. Гэвч Улаан арми бүслэлтийг сэтлэж, 1944 оны 1-р сарын 27-нд бүрэн зогсоов. Байлдааны явцад германы 50 дивизийг бут ниргэжээ. Санкт-Петербург дахь бүслэлтйиг давагчдын олон нийтийн байгууллагуудын олон улсын холбооны ХХ1 их хурлыг мөн ойд зориулсан байна. 130 гаруй хүн их хурлын ажилд оролцож байна.

Бүслэлтийг давсан хүмүүс дэлхий даяар хаа сайгүй суудаг. Тэдний нэгдэл холбоо дэлхийн 100 гаруй хотод ажиллаж байна. «Бүслэгдсэн Ленинградын оршин суугчдын нийгэмлэгийг» 1990 онд Киев хотод байгуулжээ. 150 ахмад энэ нийгэмлэгийн гишүүн болсон гэж түүний дарга Эдуард Павлов хэлээд

«Тэртээх бүслэлтийг давсан бас нэг эмэгтэйг бид энэ онд олсон. Тэрээр 1911 онд төржээ. 1937 онд Ленинградын хөгжмийн дээд сургууль дүүргэсэн байна. Хожим тэрээр дайны үед бүслэгдсэн Ленинградад ажиллаж байсан цорын ганц театр-хөгжимт хошин жүжгийн театрын найрал хөгжимд ажиллажээ. Фронт руу явсан дайчдын хэн нэгний хувьд театрын жүжиг амьдралых нь сүүлчийнх  болсон байж магадгүй. Дараа нь ахмад Киев хотод шилжин сууж ажилласан юм. Одоо тэтгэвэрт  гарсан байна. Украины ерөнхийлөгч Янукович болон Тарас Шевченкойн нэрэмжит Киевийн дуурь бүжгийн театрын захирал 100 насны ойгоор нь Ольга Александровна Шетовэд баяр хүргэсэн»  гэв.

Петербургад очихдоо гуниглаж ч, баясан баярлаж ч байна гэж их хуралд оролцохоор Израилиэс ирсэн Евгения Друц хэлээд «Би Ленинградад төрсөн. Ээжтэйгээ хамт 900 өдөр үргэлжлэсэн бүслэлтийг давсан. 1990 онд Израильд шилжиж суусан юм. Эмч мэргэжилтэй. Ленинградын холбоонд багтаж байгаа бүслэлтийг давсан хүмүүсийн Ашкелон хотын байгууллагыг удирдаж байна. Израильд бидэнд сайхан сэтгэлтээр ханддаг. Тэртээх бүслэлтийг гэтлэсэн хүмүүс Израилийн бараг бүх хотод байгаа. Бидэнд медаль гардуулж, нийгмийн дэмжлэг үзүүлсэн. Би хүү,ач хүүтэй. Тэдэнд бүслэлтийн талаар өгүүлдэг. Хүүхэд маань үүнд их анхааралтай хандаж байна. Гэвч дурсан өгүүлэхэд хэцүү» гэлээ.

 Бүслэлтийн үеийн эмгэнэлтэй явдлуудыг дурсаж мэдээлэх интернет-портал( Leningradpobeda. ru ) нээгдсэн юм. «1941-1945 оны үйл явдлын он дараалсан бичиг», «Бүслэгдсэн Ленинградын радио», «Бүслэгдсэн хотын урлаг», «Бүхнийг ялалтын төлөө», «Ленинградаар зугаалах нь» зэрэг сайт зонхилж байна. Энэ нь Ленинградын хамгаалалтыг тусган харуулсан Санкт-Петербургийн оршин суугчдын байгуулсан Интернет дэх нэг ёсны музей билээ.

Гэрэл зураг