2020 он гэхэд агаар-сансрын батлан хамгаалах цэргийг «Панцирь-С1» зенитийн пуужин-их бууны цогцолбор ба  С-400, «Витязь» цогцолборуудаар бүрэн зэвсэглэнэ гэж БХЯ-ны агаар-сансрын цэргийн асуудал эрхлэсэн төлөөлөгч хурандаа Алексей Золотухин мэдээллээ.

Туршилтын талбарт улсын туршилтыг давсан «Панцирь-С» зургаан цогцолбороор Агаарын довтолгооноос хамгаалах бригадын зенитийн пуужингийн хороог зэвсэглээд байна. Өнгөрсөн онд мөн цогцолборыг  «дайчин нөхөрлөл-2011», «Холбооны бамбай-2011» зэрэг өргөн хүрээтэй цэргийн сургуулиудад анх удаа оролцуулан хэрэглэжээ. «Панцирь» агаарт нам, дунд өндөрт байг устгах талаар маш сайн үр дүнд хүрсэн. Энэ нь оросын мэргэжилтнүүдийн цоо шинэ хосгүй боловсруулалт юм гэж Тулагийн «Багаж үйлдвэрлэх зохион бүтээгчдийн товчоо»-ны төлөөлөгч Александр Денисов тэмдэглээд

«Панцирь-С1» цогцолбор пуужин төдийгүй их буу хэрэглэж, далавчит пуужин, нисэгчгүй нисдэг аппарат, нисэх онгоц, газар дээрх байг устгаж болно. Эдүгээ цогцолборыг зэвсгийн жагсаалтад оруулсан хийгээд хэд хэдэн гадаад улсад нийлүүлж байна. Мэргэжилтнүүдийн үнэлснээр түүнийг АДХ (Агаарын довтолгооноос хамгаалах) биеэ даасан хэрэгслийн хувьд төдийгүй цэргийн цувааг явах  үеэр нь агаарын довтолгооноос халхавчилж хамгаалах хэрэгсэл болно. Дэлхийн өөр ямар ч зэвсэг ингэж ажиллаж чадахгүй. Түүнчлэн «Панцирь-С1» улсын хэмжээний  ба цэргийн удирдлагын  стратегийн ач холбогдолтой барилга байгууламжуудыг хамгаалж мэднэ. Мөн цогцолборыг АЦС-ыг хамгаалахад хэрэглэж болзошгүй. Эдүгээ энэ нь нэн чухал болсон» гэлээ.

 Пуужин, их буутай хослуулсан зэвсэг  200 метрээс 18-20 км хүртэл зайнд 10-аас 15 км хүртэл өндөрт зогсоолтгүй буудах боломж олгож байна. Онилон чиглүүлэх зенитийн пуужин байг сөнөөх дээд зэргийн чанартай. Удирдлагын оюуны радиолокац-хараа зүйн систем нь хэд хэдэн долгионоор ажиллана. Онилон чиглүүлэх пуужин нисч яваа байг тэр даруй мэдрэнэ. Цогцолбор хэд хэдэн модулиос бүрэлдэж байгаа болохоор янз бүрийн хувилбарыг зохиож болно.

Чухам «Панцирь-С1» цогцолбор зенитийн зэвсгийн үр бүтээлийг дээд хэмжээнд хүргэхэд туслана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эдүгээ дэлхийн зах зээлд АДХ систем эрэлт хэрэгцээтэй байна. «Панцирь-С1» цогцолборыг Ойрхи  Дорнодын хэд хэдэн улсад нийлүүлж байгаа хийгээд АНДБН-ийн орнууд түүнийг сонирхож байна.