Оросын анхны алт, цагаан алтны музей  Уралын Берёзовский хотноо нээгдэнэ. Энэ нь манай орны эдгээр үнэт төмөрлөгийн эх нутаг юм. Алтны анхны орд газрыг энд бараг 300 жилийн өмнө 1745 онд олж илрүүлжээ.

Музей сонирхогчид «Туулайн чих», «Хандгайн толгой» «Мефистофель» гэх мэт хосгүй сонин нэртэй цул алтыг удахгүй үзнэ. Харин тэдгээрийг дээрэмдэж хулгайлах аргагүй. Найдвартай хамгаалахаас гадна жинхэнэ цул алт биш зөвхөн түүний чадамгай хийсэн хуулбарыг үзэсгэлэнгийн цонхонд байрлуулна гэж музейн эрхлэгч Ирина Максимова «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Бид алтны түүх, зорилго болон яаж эрж олсон тухай өгүүлнэ. Гэвч жинхэнэ алт биш зөвхөн түүний хуулбарыг үзүүлэх юм. Эдүгээ маш сайн техникийн тусламжтайгаар  жинхэнэ алтны шинж чанарыг үзэж болно. Техникийн хэрэгслээр ямар нэг юмыг жинхэнэ байдлаар нь дэлгэцнээ буюу орон зайд үзүүлдэг» гэв.

Эдүгээ Орост олборлодог алтны дөрөвний нэгэн нь Якутад ногдож байна. Харин Уралд олж илрүүлснээс хойш бараг 200 жил өнгөрсний дараа Якутад анх удаа алт олсон аж. ХУ111 зууны дундуур тариачин Ерофей Марков  Берёзовка Пышма хоёр голын уулзарт орд газрыг санамсаргүй нээжээ. Удахгүй алт хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэв. Алтны хүдэр нээгдсний ачаар 1755 оноос Орост алтан зоос арилжааны эргэлтэд оров. Урьд ийм цөөнхөн зоос цутгаж байсан. Х1Х зууны дундуур манай орон алтны олборлолтоор дэлхийд түрүүлэв.

Алтны арваад музей гадаадад ажиллаж байна. Орост ийм музей алга. «Алтны цуглуулгыг» цэцэрлэгт хүрээлэн буюу дэлхийн архитектурын шилдэг бүтээлийн музейн зарчмыг баримтлан бүрдүүлэх юм. Таж-Махал буюу Василий Блаженныйн дуган үзэхээр Энэтхэг ба Москвад заавал очих хэрэггүй.

Бидний зорилго бол хүмүүс олон зуун жилийн тэртээ гайхамшигт үнэт төмөрлөгт дуртай болж, одоо ч салахгүй байгааг нотлон харуулахад оршино гэж Свердловскийн орон нутгийн судлалын музейн орлогч захирал Владимир Быкодоров хэлээд «Дэлхийн алтаар хийсэн эртний бүтээлүүдийг «Эрдэнэ» танхимдаа дэлгэж тавьна. Эдгээр үзмэрийг байгалийн материалаар хийж чадахгүй нь мэдээж. Урнаар хийсэн хуулбарууд Оросын Уралын алт дэлхийд ямар байр эзлэж байгааг ойлгоход туслана» гэв.

Хүмүүс  музейн хашааны тусгай бүст алт  угаах боломжтой. Мөн алт олборлож байсан уурхайд очиж үзэж сонирхох төсөл байгаа. Музейн ажилтнууд  анхны зочдыг 2012 оны зун хүлээж авна. Олон хүн ирнэ гэдэгт тэд итгэж байна. Берёзовский хот Уралын нийслэл Екатеринбургаас холгүй оршдог. Тус хотод олон жуулчин ирнэ. Тэд 12 км замыг туулж байгалийн алтны ордонд очихоос татгалзахгүй бололтой.