Дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ унахад  түүний үнэ заавал  буурах албагүй. Оросын шинжээчид нефтийн хэрэгцээг бууруулах тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг ийнхүү  тайлбарлаж байна. 

2011 оны сүүлийн  улиралд дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээний үнэ  өдөрт 300 мянган барреллээр буурч байсан гэж ОУЭХА -гийн судалгаанд дурьджээ. Сүүлийн удаа ийм нөхцөл дэлхийн санхүүгийн хямралын 2008-2009 онуудад  үзэгдэж байсан юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид үүнийг дэлхийн дулаарал - дулаан өвөл, нүүрс төрөгчийн түүхий эдийн өндөр үнэ,  ЕХ-ны орнуудад үргэлжилж байгаа хямрал болон Хятад, Энэтхэгийн хэрэглээний бууралттай   холбон үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуулийн   Эрчим хүчний судалгааны төвийн  эрдэм шинжилгээний ажилтан Игорь Томбергийн үзэж байгаагаар  эдгээр хүчин зүйлүүд нь бусадтай тэнцүү  аж.

«Нефтийн үнэ хэрэглээнээс төдийгүй  улс-төрийн хүчин зүйлүүдээс  болон дамын наймаачдын зах зээл дэх  үйл  ажиллагаа болоод санхүүгийн зах дээр харьцангүй чөлөөтэй хөрөнгө  орж ирсэнээс нөлөөлдөг байна. Иймээс нефтийн эрэлт хэрэгцээ унах нь түүний үнэ өртөгт төдийлөн их биш  нөлөөлдөг юм. Эрс өөрчлөлт орохгүй гэж бодож байна» гэж Игорь Томбер хэллээ.

Оросын ШУА-ийн  Эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Владимир Волошин дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээг бууруулсны дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурах болно гэсэн   ОУЭХА-гийн илтгэлийн таавартай санал нэгтэй байгаа аж. Тэрээр ярихдаа: «Ойрын саруудад  нефтийн үнэ унах ёсгүй, яагаад гэвэл бусад олон хүчин зүйлүүд байгаа. Энэ нь юуны өмнө  Ойрхи-Дорнодын  нефтийн нийлүүлэлтийн  тогтвортой байдалд заналхийлэж байгаа болон АНУ, Ираны харилцааны хурцадмал байдлаас Ормузын хоолойг хаах байдал үүсээд буйгаас болж байгаа юм.   Ойрын үед энэ нь нефтийн үнэ буурахад эсрэгээр үйлчлэх  чухал хүчин зүйл хэвээр байх болно» гэлээ.

Ялангуяа Ирантай холбоотой цэргийн болон улс-төрийн өндөр эрсдэлүүдийг хадгалах нь нийт хэрэглээ буурах үед  үнэ нэмэгдэж болохыг үгүйсгэх аргагүй юм гэж Игорь Томберг үзээд «Оросын хувьд байдал төдийлөн  өөрчлөгдөхгүй. Одоогоор ямар нэг санаа зовоох зүйлийг олж харахгүй байна. Иранаас нефть импортлоход хориг тавих арга хэмжээнүүд нь  Оросын хувьд зөвхөн ашигтай, учир нь  нефть болон  хийн хэрэглээ өсөх юм.

ЕХ-ны 27 орны ГХЯ-ны тэргүүн нар Брюссельд даваа гаригт  Ираны нефтийн импортлолтад хориг тавьлаа. ЕХ-ны гишүүн орнууд 7-р сарын 1-ээс   Тегеранаас импортоо бүрэн дуусгасан байх ёстой юм.  Түүнчлэн сайд нар   Ираны нефтийн түүхий эд болон нефтийн бүтээгдэхүүнүүдэд нэн даруй шинэ  хориг тавихаар тохиролцжээ. Дэлхийн хөрөнгийн биржүүд энэхүү мэдээг тайван хүлээж авлаа.