Иргэний олон үндэстний зөвшөлцөөн нь ОУ-ын оршин тогнох нэг нөхцөл билээ. Орос үндэстний нэг угсаатны улс байгуулах үзэл санаа нь ОУ-ын түүхтэй харшлаж байна гэж “Независимая газета” сонинд нийтлүүлсэн “Орос орны үндэсний асуудал” өөрийн өгүүлэлдээ  ерөнхий сайд бичсэн байна. Улс орондоо оросуудын эрх ашгийг хохироож байна гэж ярих нь төрийн байгууллагууд үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг гэж засгийн газрын тэргүүн үзэж байна. Үндэстний бодлогод амар шийдвэр гэж байхгүй, түүнийг шинэчлэх нь нийгмийн хүрээтэй салшгүй холбоотой гэдгийг Путин хүлээн зөвшөөрч байна.

Орчин цагийн улсуудын тулгарч байгаа нэг гол асуудал бол үндэстний асуудлын хурцадмал байдал юм гэж В.Путин үзэж байна. Түүхэн туршлагаас харсан ч ОУ-ын хувьд энэ асуудал цаг үеийнх болоод байна. Учир нь олон улс төрийн хүчнүүд үндэстний асуудлыг дэвэргэж ашиг хонжоо олохыг санаархаж байна. “ЗХУ-ыг задалсан тэр л “жороороо” ОУ-ыг задлахыг оролдож байна гэж” ерөнхий сайд үзэж байна. Яг одоо “оросууд өөрсдийнхөө эрхийг өөрсдөө шийдэх эрхтэй гэсэн хуурмаг яриа”, “оросын ард түмний хүзүүн дээр зайдалсан эзэнт гүрнийг бүрмөсөн устгах” шаардлагатай гэх мэт яриануудыг хэлж байгаа гэж засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэлээ. Оросын ард түмэн болон оросын соёл бол “оросын гайхамшигтай соёл иргэншлийг бэхжүүлж байгаа гол судас нь юм”. Үндэстэн хоорондын харилцааг зохицуулах хүчин зүйл нь боловсрол юм гэж В.Путин онцоллоо.

Улс төр судлаач Михаил Ремизов тайлбарлахдаа: «ОУ-ын улс төрийн удирдагчид энэ сэдвийг ярихаас айхгүй байна гэдэг нь маш чухал юм. Энэ нь ойлгомжтой хөтөлбөрийн байр суурьтай, чанартай хүмүүнлэгийн баримт бичиг юм.Энэ өгүүлэл дэх бүх зүйлтэй санал нийлэхгүй байгаа ч гэсэн мэдэгдээд байгаа олон чиглэлийг дэмжиж байна. Жишээ нь, иргэний социализацийн үндсэн хичээл орос хэл, орос уран зохиолын үүргийг сургуулиудад дээшлүүлэх санал байна. Мөн цагаачлалын хуулийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг чангаруулах асуудал байна. Путины хувьд хурц асуудлуудаар ийм дэс дараатай яриа хийж байсныг санахгүй байна» гэлээ.

В.Путины өгүүлэлийн нэг гол сэдэв нь цагаачлалын бодлогын асуудал ба түүнийг ОУ-д хэрхэн хэрэгжүүлэх тухай байлаа. Мульт соёлжилт маягаар зохицуулах арга нь барууны орнуудад үндэстний шашны хаалттай нийгэмлэг байгуулахад хүргэсэн юм. Асуудалд ингэж хандах нь хязгаарлагдмал  байдал үүсгэдэг нь батлагдсан гэж Михаил Ремизов тэмдэглээд: «Мэдээж хэрэг барууны мульти соёлжилтын бодлого нуран унасан. Энэ нь соёлын интеграцийг хангахгүйгээр нийгмийн улс төр эрх зүйн интеграцийг хангаж болно гэсэн санаа байсан юм. Харин эрх зүйн болон улс төрийн нэгдсэн үнэт зүйл нь нэгдсэн соёлын үндсэн дээр суурилдаг юм. Өөрөөр хэлвэл европын тодорхой ард түмнүүдийн үндэсний ижил төсөөтэй байдалтай холбоотой гэсэн үг. Шилжин ирэгсэдийг хэсэгчлэн болон бүрмөсөн уусгахгүйгээр буюу соёлын интеграц хийхгүйгээр эрх зүй болон улс төрийн интеграц хийх боломжгүй юм» гэлээ.

Цагаачлалын асуудлаас болж гадаадынхныг үзэн ядах үзэл өсөн нэмэгдэж байгаа асуудлуудтай өнөөдөр бүх улс орнууд тулгараад байна гэж В.Путин тэмдэглэж байна. Энд “Кавказыг тэжээхээ больё” гэсэн уриа бүр ч аюултай гэж тэр хэллээ. Үүнээс үүдээд “Сибирь, Алс Дорнод, Урал, Поволжьег тэжээхээ больё” гэсэн уриа урган гарч ирнэ. Ерөнхий сайд тогтолцоот асуудлаас гадна тодорхой шийдвэрүүдийн тухай бичсэн байна. Жишээ нь, цагаачлалын явцыг зохицуулахад үндэсний хөгжлийн асуудал хариуцсан тусгай бүтэцүүд туслах ёстой. Одоогийн бүс нутгийн хөгжлийн яам эдийн засгийнхаас ялгаатай нь энэ асуудлуудыг хоёрдугаар зэрэгт тавьж байна.

В.Путины нийтлэлчийн туршлагыг шинжээчид бүхэлд нь нааштай үнэллээ. Эдгээр нийтлэлүүд нь Владимир Путинг улс төрч, төрийн зүтгэлтнийх нь хувьд цоо шинээр харахыг шаардаж байна гэж Улс төрийн мэдээлэлийн төвийн захирал Алексей Мухин үзэж байна.

«Путин сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хурдыг өндөрт өргөж байна. Нийгмийн хөтөлбөрийн тухай өгүүлэлийн дараа шууд үндэстний асуудлын тухай нийтлэл гарлаа. Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаа нэг ч нэр дэвшигч энэ асуудлын тойрон гарч чадаагүй юм. Мэдээж хэрэг энэ нь багц баримт бичиг юм. Энд онолын хэсэг байна, үндэстний асуудлыг яаж шийдэх тухай тодорхой жор ч байна. Путин эдгээр нийтлэлийнхээ тусламжтайгаар төр засгийг шүүмжлэхдээ үндэстний бодлогыг ашиглаж байгаа тэдгээр нэр дэвшигчдийн хөл доорх хөрсийг хөнгөхөн ухаад авлаа. Путины нийтлэлч идэвхи нь түүний улс төрчийн хувьд өөрийгөө бий болгож байгаа нэг арга юм гэж Алексей Мухин хэллээ.

“Независимая газета” сонинд нийтлүүлсэн энэ өгүүлэл нь төрийн байгуулалтын үндсэн асуудлаар нийтлүүлэх цувралын хоёрдах нь юм. Дараагийн материал нь эдийн засгийн хүчин зүйлүүдэд зориулагдах юм.