0Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах замаар сирийн хямралыг зохицуулах Арабын орнуудын лигийн \АОЛ\ шинэ санаачлагыг Сири улсын төр засаг няцаалаа. “АОЛ-ийн урьдах төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан шийдвэрийг Сири улс эсэргүүцэж байна. Энэ нь үндэсний тусгаар тогтнолыг аюулд хүргэж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа бүдүүлэг ажиллагаа гэж” үзэж байна гэж сирийн засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Өнгөрсөн ням гаригт АОЛ-ийн ГХЯ-дын сайд нар сирийн хямралыг “йеменийн замаар” зохицуулах санал гаргасан юм. Энэ саналын дагуу сирийн ерөнхийлөгч Башар Асад засгийн эрхээ дэд ерөнхий сайд Фарук аш-Шараад шилжүүлэх ёстой юм. Хоёр сарын дотор бүх талууд хүлээн авч болохуйц үндэсний эв нэгдлийн засгийн газрыг бүрэлдүүлэх ёстой. АОЛ-ийн төлөвлөгөөний дагуу 6 сарын дотор Сири улсад ардчилсан шудрага сонгууль явуулах ёстой. Аюулгүй байдлын хүчнийг дахин шинэчилэсний дараа үндэсний эв нэгдлийн түр засгийн газар улс орондоо хууль ёсыг сахиулах ёстой. АОЛ өөрийн зүгээс энэ үйл явцыг дэмжихээ амлаж байна. Сири улсад засгийн эрхийг шилжүүлэх тухай төлөвлөгөөг НҮБ-ын АЗ-д шилжүүлнэ гэж Катар улсын ерөнхий сайд шейх Хамад бен Жасим ат-Тани мэдэгджээ. Сири улсад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 10 сар гаруй үргэлжилж  байна. Энэ хямралаас болж 5000 гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ мэдэгдээд байна.