Курган мужийн оршин суугчид “ногоон” эрчим хүчийг аж үйлдвэрийн хэмжээнд анх удаа хүлээж авах оросын хэрэглэгчид болно. Тэнд 50 МВтын хүчин чадалтай салхин сэнсний паркны төслийг хэрэгжүүлэх ажил ид өрнөж байна. Зауралье салхин сэнсний парк нь тус бүсийн орлуулох эрчим хүчний анхны төсөл юм. Ийм парк байгуулах талбайг сонгох үндсэн шаардлага бол цаг уурын нөхцөл байдал, салхины хүч болон урсгалын тогтвортой байдал юм. Сүүлийн жилүүдэд Курган мужид хийсэн хэмжилтын анхан шатны үзүүлэлтүүд салхин сэнсний парк байгуулахад шаардлагатай хэмжээний салхины хүч байна гэдгийг нотлож өгсөн гэж “Курган мужид салхин сэнсний парк байгуулах нь” төслийн удирдагч Ярослав Сигидов ярьж байна.

Энэ салхин сэнсний паркын хүчин чадал нь 50МВт бөгөөд ОУ-ын хамгийн том нь юм. Курган мужийн салхины хурд нь нэг бүр нь 2-3 мегаваттын турбин тавих боломжийг хангаж өгч байгаа юм. Ийм турбин 15-20-ийг тавихаар төлөвлөөд байна гэж тэр ярилаа. Ер нь бол ОУ-д салхин сэнсний станц нь шинэ зүйл биш. Зөвлөлтийн үед анхны төхөөрөмжүүд бий болсон ба өнгөрсөн зууны дунд үед салхины эрчим хүчээр дэлхийд тэргүүлж байсан юм. Тэдгээр нь бага хүчин чадалтай байсан. Харин Курган мужийн салхин сэнсний паркыг цоо шинээр хийнэ гэж Ярослав Сигидов ярьж байна: «Мультимегаваттын төхөөрөмж хэрэглэн орчин үеийн технологоор барих салхин сэнсний парк ОУ-д одоо байхгүй. Энэ төслийг анх удаа барьж амьдралд хэрэгжүүлэх юм. ОУ асар уудам газар нутагтай учир салхинаас эрчим хүч гаргаж авах ихээхэн ирээдүйтэй юм. Салхин сэнсний парк нь эдийн засгийн хувьд ашигтай  гэдгээ харуулж үр ашгаа өгч байгаа бүс нутгууд ч байна» гэж тэр ярилаа.

Оросын “Интертехэлектро” компани одоо Курган мужид салхины хэмжилт хийх ажлаа үргэлжлүүлсээр байна. Салхин сэнсний парк байгуулах газрын ойролцоо 200 метр өндөр шураг дээр янз бүрийн түвшинд тусгай зориулалтын багажуудыг байрлуулсан байна. Салхины үзүүлэлтүүдийн үндсэн дээр жилийн турш төслийн хайгуул шинжилгээний ажлыг хийх болно. Энэ ажлыг амьдралд хэрэгжүүлэхэд германын мэргэжилтнүүд туслах юм. “Курган мужийн салхин сэнсний парк” хамтарсан компани ирэх жил паркыг идэвхитэй барьж эхлэх ба 2014 оноос станцийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.