Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бүтэн сар хагасын хугацаа үлдлээ. Улс төрийн амьдрал өдөр ирэх тусам улам идэвхитэй болсоор байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө олон нийтээр шүүлгэж, телевизийн мэтгэлцээнд оролцож, сонингийн хуудсанд сурталчилгаагаа нийтлүүлж байна. Ард түмний хүсэл зоригийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих янз бүрийн аргыг сөрөг хүчнийхэн санал болгосоор байна. Өнгөрч байгаа долоо хоногт парламентын бус сөрөг хүчнийхэн давшилт хийлээ. Эхлээд "Яблоко" нам ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцад хяналт тавих тусгай Сан байгуулж байгаагаа зарлалаа.Энэ сан нь олон нийтийнх байх ба иргэдийн хандив дээр оршин тогтнох юм байна. Хууль хяналтын байгууллагуудад хандаж өргөдөл гаргасан хуульчдын ажилд туслах болон ажиглагчдыг бэлтгэхэд энэ хөрөнгийг зарцуулна гэж тус намын дарга Сергей Митрохин мэдэгдсэн байна. Улс орны уран бүтээлч сэхээтнүүд ямар нэгэн тодорхой улс төрийн хүчинд нэгдээгүй бие даасан нийгэм улс төрийн "Сонгогчдын лиг" нөхөрлөл байгуулснаа зарлалаа.

Энэ нөхөрлөлийн зорилго нь хуулийг хэрхэн мөрдөж байгаад болон сонгуулийн явцад хяналт тавихад оршиж байгаа гэж Лигийг зохион байгуулагчдын нэг киноны продюсер Георгий Васильев ярьж байна: «Болох гэж буй сонгуульд бэлтгэх үр ашигтай чиглэлийн нэг бол санал хураах үед хяналт тавихад оролцох явдал юм. Шудрага сонгуульд хяналт тавихад туслаж чадах ажиглагчид, сонгуулийн комиссийн гишүүд, шинжээчид, хуульчид та бүхнийг урьж байна» гэж тэр ярилаа. Нэр дэвшигчдийн нэр дээр анхны гомдол өнөөдрөөс дуулдаж эхэллээ. Улсын бүртгэлд ороогүй "Воля" намын тэргүүн Светлана Пеунова СЕХ-нд 250 мянга хүрэхгүй гарын үсэгтэй баримт бичиг дамжуулсан ба ийм богино хугацаанд шудрага замаар үүнээс илүү гарын үсэг цуглуулах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна гурван нэр дэвшигч "Яблоко" намын Григорий Явлинский, тэрбумтан Михаил Прохоров, Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев нар шудрагаар гарын үсэг цуглуулсан гэдэгт эргэлзэж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.

Эдгээр нэр дэвшигчид лхагва гаригт 2 сая гаруй гарын үсэгтэй баримт бичгээ СЕХ-нд өгсөн байна. Гарын үсэг зурсан хуудсуудыг 1-р сарын 29 хүртэл шалгана. Хэрвээ бүх зүйл шудрага байх юм бол энэ нэр дэвшигчид сонгуулийн өмнөх кампанит ажилд албан ёсоор оролцох болно. Энэ кампанит ажилд одоо "Нэгдсэн ОУ" намаас нэр дэвшсэн ерөнхий сайд В.Путин, коммунист Геннадий Зюганов, ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновский, "Шудрага Орос орон" намын дарга Сергей Миронов нар бүрэн хэмжээгээр оролцож байна. Эдгээр нэр дэвшигчид нь парламентад суудалтай намуудаас нэр дэвшсэн учраас сонгогчдын гарын үсэг цуглуулах шаардлагагүй байсан юм. Владимир Путин сонгуулийн өрсөлдөөнийг маргаангүй тэргүүлж байна. Түүний хувьд энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь удаагийн кампанит ажил юм.

Урьдах сонгуулиудыг бодвол энэ удаагийн сонгууль амаргүй байх бололтой гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов үзэж байна: «Сонгуулийн кампанит ажилд оролцогч маань оролцож эхлэнгүүтээ л ялагч болж байсан нь1999,2004 онуудын сонгуулийн онцлог байсан юм. Учир нь маш хүчтэй шийдвэрүүдийг гаргасны үндсэн дээр тэр оролцож байсан. 1999 онд гэхэд Чеченьд алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа явуулж эхлэх шийдвэр гаргасан. 2004 онд ЮКОС-той холбоотой хэрэг болон байгалын рентийг үндэсний хэлбэрт оруулах зэрэг шийдвэрүүдийг гаргасан. Энэ бүхэн дээр л Путиныг тойрсон сонгогчдын нэгдэл үүссэн юм. Харин 2011 онд үүнтэй төсөөтэй ямарч шийдвэрүүд гаргаагүй юм. Түүний ялалт өнөөдөр хамгийн үнэмшилтэй харагдаж байна. Гэхдээ түүнд хүрхэд амаргүй» гэж тэр ярилаа.Бүх Оросын олон нийтийн санал бодол судлах төвийн судалгаагаар Путины рейтинг 48-аас 52% хүртэл өссөн байна.

Сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрт нь орох асуудлуудыг оролцуулсан зохиогчийн өгүүлэлээ ерөнхий сайд "Известия" сонинд нийтлүүлсэн явдал үүнд сайнаар нөлөөллөө. Орос улс сэргээн босгох үеээ дууслаа одоо улс орноо тогтвортой хөгжүүлэх цаг боллоо гэсэн нь гол санаа байлаа. Улс оронд тун саяхан бүрэлдэн тогтоод байгаа дунд анги бол элбэг баян амьдралын зүтгүүр нь байх ёстой гэж Путин үзэж байна. Энэ процессийг амжилттай явуулахын тулд хийх яриа хэлэлцээнд оролцохыг нийгэм болон сөрөг хүчинд ерөнхий сайд уриаллаа. Оросын ХМХ-үүдийн удирдагчидтай ерөнхий сайд биеэрээ уулзлаа.В.Путин ихэд идэвхитэй ажиллаж эхэлсэн нь сонгуулийг нэг үе шаттай явуулах гэсэн түүний хүсэл эрмэлзэлтэй холбоотой гэж Улс төрийн нөхцөл байдлын төвийн ерөнхий захирлын орлогч Александр Шатилов үзэж байна: «Тэр эхний шатанд ялах нь тодорхой. Хэрвээ хоёр дахь шат болвол түүний улс төрийн санал санаачлагыг үгүйсгэх янз бүрийн хэлбэрийн элитүүдийн бүлэглэлтэй тохиролцоо хийх хэрэгтэй болно» гэж тэр ярилаа.

Путин эхний болон хоёр дахь шатанд ялалт байгууллаа ч гэсэн санал хураалтыг гуйвуулсан гэж ард иргэд үзэх болно. Хятадаас ОУ-д ирж эхлээд байгаа видео камерууд ч, интернетээр шууд дамжуулах ажил ч, олон арван ажиглагчид ч энд тус болж чадахгүй гэж Улс төрийн шинжилгээ судалгааны олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко үзэж байна: «Москва, Питер гэх мэтийн том хотуудын хувьд энэ нь нэг их итгэлтэй зүйл биш. Энд хүрээллийн сонирхол ажиллаж байгаа юм. Жишээ нь хүмүүс эргэн тойрноо хараад Путины төлөө саналаа өгөх хүнийг би л лав мэдэхгүй юм гэж ярьж байвал үр дүн хүйтэвтэр байна гэсэн үг» гэж тэр ярилаа.12-р сард болсон "Шудрага сонгуулийн төлөө" жагсаалын үргэлжлэл болох ээлжит эсэргүүцлийн жагсаалдаа сөрөг хүчнийхэн бэлтгэж байна. ОУ-ын ихэнх хотуудад 2-р сарын 4-нд жагсаал цуглаан болно. Зөвхөн нийслэл хотод гэхэд 50 мянган хүн жагсана гэж төлөвлөж байна.