Их хэмжээний мансууруулах бодис үйлдвэрлэж худалдсан этгээдийг бүх насаар нь шоронд хорихыг Орост санал болгожээ. Эдүгээ ийм гэмт хэрэгтнийг шоронд хорих туйлын хугацаа 20 жилээс хэтрэхгүй байна. Ийм арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж шинжээчид «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өгүүллээ.

Шинэ жилийн баярын үеэр Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд шуудан ба өөр үйлчлэгч албанаар Новосибирск хотод оруулсан 1 кг хүчит хиймэл мансууруулах бодис хураасан тухай мэдээлэл хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шалтаг болсон юм. ОХУ-ын Улсын думын аюулгүй байдлын хорооны тэргүүн Ирина Яровая  үүнтэй холбогдуулан мансууруулах бодис  худалдагч, тээвэрлэгчийг бүх насаар нь шоронд хорихыг санаачлав.

Одоо Оросын хууль тогтоомжийн дагуу мансууруулах бодис хадгалах, худалдадан этгээдийг гурваас долоон жил хүртэл шоронд хорино. Хүнд аюултай тохиолдолд мөн хугацаа 20 жилд хүрч байна. Үүнээс илүү хатуу шийтгэх нь учир үндэсгүй хэрэг гэж «Мансууруулах бодисын талаархи шинэ бодлого» сангийн тэргүүн Лев Левинсон үзэж байна.

«Манайд мнсууруулах бодис тээвэрлэх, худалдах, тархаах  этгээдүүдийн талаар нэлээд хатуу  арга хэмжээ авч байна. Өнгөрсөн оны 12-р сард мансууруулах бодисыг нууцаар хил давуулаж  оруулсан этгээдийг  хатуу чанга шийтгэх шийдвэр гаргасан. Улам хатуу шийтгэх шийдвэр сар дутам гаргах нь учир үндэсгүй хэрэг» гэж Лев Левинсон хэллээ.

Аюултай бус гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийг шийтгэхийг хориглох шийдвэр өнгөрсөн онд гаргав. Гэвч тус  хууль мансууруулах бодис борлуулах хүрээг хамрсангүй. Учир нь мөн салбарт гэмт хэргийг хүнд хөнгөн гэж ялгахгүй байна. Мансууруулах бодистой холбоотой хууль зөрчсөн хэрэг явдалд ялгавартай хандах хэрэгтэй гэж Хүн ам зүй, цагаачлалын хүрээлэнгийн ажилтан Юрий Крупнов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мансууруулах бодисын наймаачдын шийтгэл манайд мөн адил ялгаагүй байна.Хэдхэн грамм мансууруулах бодис борлуулсан эсвэл ийм бодис бөөнөөр худалдсан  этгээдийг шоронд хорих хугацаа бараг адилхан байна. Шийтгэлд ялгавартай хандах нь зайлшгүй чухал» гэв.

Ийм хандлага болон шийтгэх өөр арга хэмжээ мансууруулах бодистой хийх тэмцлийг улам үр бүтээлтэй болгоно гэж мэргэжилтнүүд итгэж байна. Түүнээс гадна нийгмийн бодлогын арга хэмжээ болон сэргийлэн сэрэмжлэх ажлыг өргөжүүлэх хэрэгтэй. Иж бүрэн хандлага амжилт гаргах арга зам болно гэж Юрий Крупнов хэллээ.