Новосибирск хотын амьтны хурээлэнд муурын үүлдрийн амьтан олон. Одоо ягуар буюу шар ирвэсийн гурван зулзага нэмэгдлээ. Эр ба хоёр эм ягуар энд байгаа. Хоёр настай эр ягуар(шар ирвэс) германы Дортмунд хотоос, зургаан настай эм Москвагаас өмнө 400 км зайтай оршдог Липецкийн амьтны хүрээлэнгээс Новосибирскад шилжсэн юм.

Шар ирвэс сөнөх даваанд хүрсэн учир дэлхийн Улаан номд бүртгэгдсэн байна. Энэ нь дэлхийн томоохон зэрлэг муур билээ. Ягуар  өмнөд америкийн индианчуудын хэлнээс орчуулвал»нэг л харайж алдаг амьтан» гэсэн үг юм.

Амьтны хүрээлэнд ирсэн хүмүүс ирвэсийг ягуараас бараг ялгахгүй байна. Гаднаас харахад яг ижил төстэй байна. Эдгээр нь амьтан гоё хар тарлан шар арьстай. Энэтхэгт ирвэсийг «цэцгийн бар» гэсэн нь учиртай байх. Гэвч ирвэс ягуар хоёр муурын үүлдрийн биеэ даасан хоёр төрөлд хамрагдаж байна. 2 метр урт, 150 гаруй кг жинтэй ягуар ирвэсээс том юм. Хар тарлан шар арьсаараа нэг төрлийн бусад араатнаас ялгаатай.

Ягуар амьтны хүрээлэнгийн нөхцөлд амархан дасч, бүр үржиж байна. Гурван зулзага сайн хооллож, түргэн өсч байна гэж Новосибирск хотын амьтны хүрээлэнгийн орлогч захирал Ольга Шило  мэдээлээд «Одоо тэд эхтэйгээ хамт дулаан хашаанд байгаа. Удахгүй өөр амьтны хурээлэнд шилжих бололтой» гэв.

Хоёр настай өөр нэгэн эм ирвэс өнгөрсөн оны сүүлээр шведын Норденс Арк хотоос Новосибирскад шилжсэн хийгээд удахгүй зулзагатай болох байх. Түүнийг Нарин гэж нэрлэжээ. Ирвэс амьтны хүрээлэнд бий болсноос хойш бараг хагас зуун жил өнгөрсөн юм. Гэвч зулзага зургаан жилийн өмнө төржээ. Одоо Нарин ирвэс зулзагатай болно гэж амьтны хүрээлэнгийн муурын үүлдрийн амьтны секцийн эрхлэгч Роза Соловьёва хэлээд «Ирвэсийг үржүүлэх нь амаргүй хэрэг. Тэжээх, өсгөх бүрэн нөхцлөөр хангагдсан. Гэвч эр эм амьтад хүмүүсийн нэгэн адил  тэр болгон өсөж үржихгүй байна. Амьтан ч хоорондоо ам хэлээ ололцож чадахгүй тохиолдол гардаг» гэв.

Новосибирск хотын амьтны хүрээлэн энэ онд 65 жилийн ойгоо тэмдэглэнэ. Одоо энд 702 төрлийн 10 мянга гаруй амьтан байгаа. Амтьтны хүрээлэнгийн хамт олон дэлхийн 44 улсын 150 гаруй амьтны хүрээлэнтэй харилцаа холбоотой байж, ховор ба сөнөх даваанд хүрсэн ан амьтныг хэвээр хадгалах олон улсын 47 хөтөлбөрт нэгдсэн юм. Өнөөгийн байдлаар 25 улстай 100 гаруй амьтан солилцоод байна.