Казахстаны парламентын доод танхимд албан ёсны урьдчилсан мэдээгээр 3 нам орох болсон ба ерөнхийлөгчийн талыг баримталдаг “Нур Отан” нам түрүүлж байна. Энэ намын төлөө сонгогчдын 80% нь саналаа өглөө гэж СЕХ-ны дарга Куандык Турганкулов өнөөдөр сэтгүүлчидэд мэдээллээ. Иргэдийн 7,46% нь дэмжсэн “Ак Жол” нам 2-т орсон байна. Гуравдугаар байрт 7,2%-ийн санал авсан коммунист нам оржээ. Бусад 5 нам нь 7%-ийн босгыг давж чадсангүй. Тэдний авсан санал нэг хувийн дотор хэлбэлзсэн байна. Санал хураалт өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр болсон юм. Сонгууль нээлттэй, эрх чөлөөтэй олон улсын стандартын дагуу болсон гэж турк хэлтэй улсуудын парламентын ассамблей болон ТУХН-ийн улсуудын олон улсын ажиглагчдын бүлгийн төлөөлөгчид урьд нь мэдэгдэж байсан юм.