Одоогийн төр засгийг дэмжих түвшин шинэ жилийн болон христос бурханы мэндэлсэн өдрийн баярын амралтуудын дараа улам өсөн нэмэгдсэн байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвөөс хийсэн судалгаанаас хархад ерөнхийлөгч Д.Медведевийн үйл ажиллагааг өнөөдөр оросуудын 57% нь, ерөнхий сайд В. Путиныг 58% нь тус тус дэмжиж байна. Өнгөрсөн жилийн 12-р сарын эхэнтэй харьцуулвал 51%-т хүрсэн байна. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээл байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Путин тасархай түрүүлж байна. “Хэрвээ ерөнхийлөгчийн сонгууль ойрын ням гаригт болвол та хэний төлөө саналаа өгөх вэ?” гэсэн нийгэм судлаачдын асуултанд 48% нь “Нэгдсэн ОУ” намаас нэр дэвшээд байгаа Путины төлөө өгнө гэж хариулсан байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвөөс мэдээлснээр өнгөрсөн жилийн 12-р сард энэ үзүүлэлт 42% байсан байна. Эрх баригч  “Нэгдсэн ОУ” намын рейтинг 4-6%-иар өсжээ. Энэ нь ямар учир шалтгаантай вэ гэдгийг ОУ-ын ерөнхий сайд асан, ОУШУА-ийн академч Евгений Примаков сэтгүүлчидэд тайлбарлахдаа, өнөөдрийн ОУ-ын төрийн тэргүүнд Путинээс өөр тохирох хүн алга байна гэж хэлсэн байна. “Путин бол хүндтэй нэр дэвшигч гэдэгт би гүн итгэлтэй байна. Мэдээж хэрэг сонгуулийн өмнө, улсын өндөр албан тушаалд урьд ажиллаж байхдаа гаргасан алдаа дутагдлыг нь сөхнө. Улс төрийн зүтгэлтнүүдийн нэгэн адил түүнд ч гэсэн алдаа байсан. Энэ нь боловсон хүчний бодлого дээр илүү илэрсэн юм. Тэгэхдээ ОУ-ын аюулгүй байдлыг хамгаалах, хүн амынхаа амжиргааны түвшинг дээшлүүлэх, дэлхийн эдийн засгийн хямралын үед эдийн засгаа тогтвортой байлгах, сүйтгэгч ямар нэгэн “өнгөт хувьсгалгүйгээр” улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалагч, алан хядах ажиллагааны эсрэг цогтой тэмцэгч гэдэг утгаараа Путин өөрийгөө харуулж чадсан гэж” Примаков хэлсэн байна. Нийгэм судлаачдын мэдээлж байгаагаар шинэ жилийн эхэнд ОУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид ОХУКН-ын тэргүүн Геннадий Зюганов 10%-тай, ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновский 9%-тай, "Шудрага Орос орон" намын дарга Сергей Миронов 5%-тай тогтвортой байдалтай байна. Өөрийнхөө нэрийг дэвшүүлэгч 3%-тай Михаил Прохоров, "Яблоко" намын дарга 2%-тай Григорий Явлинский нар рейтингийн жагсаалтын сүүлийг мушгиж байна. Олон нийтийн санал бодлыг судлах бүх Оросын төвөөс энэ санал асуулгыг 1-р сарын 7-8-ны хооронд ОУ-ын 46 муж, хязгаар, БН улсын 138 суурин газрын 1600 хүний дунд явуулсан байна. Статистик алдаа 3,4%-иас хэтрэхгүй гэж үзэж байна.