Энэ жил ямар болох вэ? 2012 оныг одоо ч өөрчлөлт гаргах жил хэмээн итгэлтэй нэрлэж болно.Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль бараг сар дутам  улс орнуудад  явагдах юм.Орос,Франц, АНУ болон арабын хувьсгал гэгчийг хийсэн орнуудад болох ерөнхийлөгчийн сонгуулиуд тэмдэглэлтэй үйл явдал болох байх. Түүнчлэн дэлхийн эрчим хүч,цөмийн аюулгүй байдлын асуудал дэлхий дахиныг түгшүүлж байна.

 Дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдон үүссэн аюул сорилтыг давах замыг эрэх нь урьдын адил оны гол асуудал хэвээр байх болно. «Уолл-стритийг эзлэцгээе» хөдөлгөөн Хойд Америк тивээс хальж, өрнөдийн олон орны нийслэлүүдийг хамрав. Улс төрийн системийн хямрал дэлхийд гарсаныг мөн хөдөлгөөн ялангуяа залуучуудын орчинд  дэлгэрсэн явдал нотлон харуулж байна гэж «Стратеги 2020» сангийн еренхийлегч Михаил Ремизов хэлээд: «Эдүгээ өрнөдэд улс төрийн шийдвэр гаргах, шинэ чиг бодлогыг боловсруулах чадвар суларсан байна. Хөгжингүй орнууд өсөлтөө сэргээхийг эрмэлзэж байвал эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой» гэв.

Хойд Африк, Ойрхи Дорнодын  арабын хувьсгал хийсэн улсуудын байдал хүнд түвэгтэй хэвээр байх болно. Эдгээр улсын хөгжил нэлээд ээдрээтэй байна гэж Михаил Ремизов тэмдэглээд: «Энэ нь лалынхан засгийн эрхэнд гарах эсвэл иргэний дайн дэгдээхтэй холбоотой. Ямар байсан ч байдал тогтворгүй болох,орон нутгийн мөргөлдөөн гарах, дүрвэгчид олноороо шилжиж Европын байдлыг даамжруулах  аюул тулгарна.Иймээс өөдрөг үзэлтэй байх шалтгаан алга» гэв.

Франц буюу АНУ-ыг бодоход Орост төрийн шинэ тэргүүнийг сонгох талаар  улс төрийн тэмцэл хурцдаагүй байна. Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн засгийн газрын өнөөгийн дарга Владимир Путинтай буурьтай өрсөлдөж чадах зүтгэлтэн алга гэж улс төр судлаачид үзэж байна.

Гэвч ОХУ-ын ирээдүйн төрийн тэргүүнд цөөнгүй асуудал тулгарна гэж Ардчилал судлалын сангийн ерөнхийлөгч Максим Григорьев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Сүүлийн арван жилд нэлээд төлөвшсөн хотын дунд анги өнгөрсөн онд идэвхжлээ. Түүний эгнээ өргөжив. Дунд анги 15-аас 25 хувь хүртэл эзлэж, улс төрийн үр нөлөөгөө үзүүлэх боллоо. Өөрсдөд нь зохих анхаарал тавихыг эрх баригчдаас шаардаж байна. Засаг захиргаанаас дунд ангитай  зөв яриа хэлэлцээ хийх нь маш чухал асуудал» гэв.

Ирэх онд цөмийн аюулгуй байдал тулгамдсан асуудал хэвээр байх болно. Эл асуудлаархи дээд хэмжээний уулзалт 3-р сарын сүүлээр Сөүлд болно. Өмнөд Солонгос БНАСАУ-ын дэд ерөнхий сайд Кан Сок Чугыг дээд хэмжээний уулзалтад оролцохыг урих бодолтой байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама,БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар   оролцоно. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг авч үзэж хэлэлцэх нь дамжиггүй. Мөн Афганистаны  байдлыг хэлэлцэх НАТО эвслийн дээд хэмжээний уулзалт 5-р сарын сүүлээр Чикагод болно.

Спортын томоохон хоёр үйл явдал зуны хоёр сард болно. Хөгжөөн дэмжигчид Польш, Украины цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болох  Европын хөл бөмбөгийн аврага  шалгаруулах  тэмцээний явцыг  6-р сард ажиглана. Энэ оны 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Лондон дэлхийн спортын томоохон талбар болж хувирна.

Британийн нийслэл 30 дахь зуны Олимпийн наадмыг зохион явуулснаараа  Олимпийн наадмыг гурван удаа хүлээж авсан дэлхийн анхны хот болно. Хатан хаан Елизаветагийн нэрэмжит Олимпийн цэцэрлэгт хүрээлэн дэх цэнгэлдэх хүрээлэн Олимпийн ба Паралимпийн наадмын гол талбар болох юм. Энэ цэнгэлдэх хүрээлэнг гурван жилийн турш барьж, 570 сая фунт зарцуулсан билээ.

Бид энэ онд болох тэмдэглэлтэй зарим үйл явдлыг дурдлаа. Сонин үйл явдал бас болох нь дамжиггүй. Таатай сонин үйл явдал болоосой гэж байна.