Ирвэсийн тоо Оросын Алс Дорнодод өсөн нэмэгдэж байгааг экологчид тэмдэглэв. Дэлхийн онгон байгалийн сангийн мэргэжилтнүүдээс Приморский хязгаар дахь «Ирвэсийн газар нутаг»  байгалийн нөөцийн газарт байрлуулсан гэрэл зургийн автомат камер шинэ ирвэсийг илрүүлэн бүртгэв. Энэ «зочин» хаанаас ирснийг эрдэмтэд судлан мэдэх ёстой. Харин сөнөх даваанд тулсан амьтныг хэвээр хадгалах хүчин чармайлт үр дүнд хүрч байгаа нь тод зүйл.

Алс Дорнодын буюу Амарын ирвэс бол  гариг дэлхийн хамгийн ховор амьтны нэг билээ. Дэлхийд 45 орчим ирвэс байгаа. Ирвэс цеен газар нутагт суурьшсан юм. Энэ нь Оросын Алс Дорнодын  уул тайга, Хятадын зуун-хойд нутаг, Солонгосын хойг зэрэг газар нутаг билээ.

Ухаантай болгоомжтой нарийн хөдөлгөөнтэй маш гоё амьтны зан байдлыг ажиглах нь амаргүй хэрэг билээ. Приморье бүсийн «Хушийн хавцал» дархан цаазтай газарт гэрэл зургийн автомат камерыг хэрэглэж байна.Эдүгээ дархан цаазтай газрын ажилтнууд  дүрс бичлэгийн хэрэгслээр ажиглаж байгаагийн ачаар  ирвэс бүрийг танин мэдэх болсон  гэж Дэлхийн онгон байгалийн сангийн Оросын салбарын  биологийн олон төрлийг хэвээр хадгалах хөтөлбөрийн зохицуулагч Сергей Арамилев хэлээд: «Энд судалгаа хийж ирсэн 8 жилийн дотор ирвэсийн тоо өсөн нэмэгджээ. Жишээ нь 2002 онд дархан цаазтай газрын өмнөд хэсэгт 7-9 ирвэсийг бүртгэсэн бол одоо тэдний тоо  12-нд хүрсэн байна. Хойд хэсэгт нь ч нэмэгдсэн явдал  амьтан өсөн нэмэгдэх хандлагыг тусган харуулсан» гэв.

11-р сард гэрэл зургийн автомат камер энд урьд үзэгдээгүй нэгэн ирвэсийг бүртгэв. Гэрэл зурагт амьтны баруун талд  нэг ёсны «дүрс үсэг» тод харагдана. Гэрэл зургийн автомат камер  эр эм хоёр ирвэсийг олон жилийн турш бүртгэж байна.Өнгөрсөн зун эм ирвэс зулзагаатай харагджээ. Гэвч эдгээр ирвэсийн  арьсны тарлан гэрэл зургийнхээс огт өөр байна. Ирвэс бүрийн арьсны тарлан онцлогтой гэж Сергей Арамилев тэмдэглэн хэллээ.

Дархан цаазтай газарт амьтны аюулгүй байдлыг хангасан учир ирвэс өөр газраас ийшээ шилжсэн гэж эрдэмтэд үзэж байна. «Ирвэсийн газар нутаг» байгалийн нөөцийн газрыг байгуулснаар хямгаалалттай бүс нэлээд өргөжих юм. Өргөн цар хүрээтэй төслийн дагуу бүр орос-хятадын хилийг өөрчлөн байгуулна гэж Сергей Арамилев хэлээд: «Хятадын Зилинь мужийн Хуньчунь дархан цаазтай  газар оросын мөн байгалийн нөөцийн газарт тун ойртож бараг тулсан байна. «Ирвэсийн газар нутаг» байгалийн нөөцийн газрыг байгуулсаны дараа  Хуньчунь дархан цаазтай газрын сууринд улс дамнасан бүсийг байгуулах хэлэлцээр  засгийн газар хоорондын хэмжээнд байгуулах төлөвлөгөө байгаа. Тэгснээр туршлага, мэдээлэл солилцох боломж бий болно. Энэ нь далдын ан агнууртай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд туслана. Амьтан хил язгаар гэдгийг мэдэхгүй байна. Ирвэс Хятадад шилжээд буцаж ирдэг. Амьтныг хэвээр хадгалах нь нэн чухал» гэлээ.

Мэргэжилтнүүд өвөл ба хаврын эхээр ирвэснүүдээ бүртгэдэг. Учир нь мөн үед дүрс бичлэгийн хэрэгслээр ажиглахад модны мөчир саад болохгүй. Түүнээс гадна амьтны ул мөр цасан дээр тод харагдана. Алс Дорнодод ирвэсийн тоо өсөн нэмэгдэж, шинэ шинэ дүрс бичлэг, гэрэл зураг эдгээр ховор амьтны  амьдралыг тусган харуулна гэдэгт оросын экологчид найдаж байна.