Орос улс 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй бэлтгэж эхэллээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч – гол хүн  бол ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхий сайд Владимир Путин сонгуулийн хөтөлбөрөө биечлэн бичиж байна.  Нэгдсэн Орос нам болон Бүх оросын Ардын фронтын парламентын сонгуулийн хөтөлбөр уг баримт бичгийн үндэс суурь болжээ. 

Засгийн газрын тэргүүн шинэ жилийн урт удаан амралтын өдрүүдийг сонгуулийн өмнөх хөтөлбөрөө боловсруулахад зориулжээ гэж ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн нарийн бичгийн  дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Баримт бичиг нь гурван хэсгээс бүрдэсэн бөгөөд эдийн засаг, нийгэм болон гадаад бодлогод зориулагдажээ. Гол санаанууд нь Төрийн думын сонгуулийн өмнө шинжээчид болон улс төрчдийн бичиж байсан Ардын хөтөлбөрүүдтэй  зохицож байгаа юм.  

Гэхдээ В.Путин ирээдүйн төлөвлөгөөндөө өөрийн  хувийн болон шинэ үзэл баримтлалыг тусгасан байгаа гэж ерөнхий сайдын  хэвлэлийн нарийн бичгийн дарга тайлбарлав. “Политика” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов хэлэхдээ: «Түүний сонгуулийн  хөтөлбөрийн гол шугамыг тэр өөрөө тодорхойлно.  Тийм ээ, “Ардын хөтөлбөр” бэлтгэх том ажил явагдсан. Гэхдээ миний бодоход  нэр дэвшигч В.Путин  бол  улс орны тухай хамгийн их мэдээлэлтэй, манай улс ямар байдалтай байгаа,  угсаатны, нийгмийн болон улс нийгмийн бусад харилцаанд  ямар асуудлууд тулгарч байгааг бусдаас илүү сайн мэдэх хүн юм. Тиймээс тэр ирээдүйн хөтөлбөрийнхөө гол санааг “Ардын хөтөлбөрөөс” авч, өөрийн тодотголуудыг  хийсэн юм. Энэ хөтөлбөр сонгогчдын зүгээс  дэмжлэг авах болон  хэрэгжих хүртэлх  тэр хариуцлагыг тэр хүлээнэ» гэлээ.    

Эдийн засгийн болон улс-төрийн  үндсэн асуудлууд нь чухамдаа зарчмын хувьд ойлгомжтой юм гэж “Оросын дуу хоолой” радиогийн санал асуулгад оролцсон хүмүүс  үзэж байна.  Гэтэл В.Путин улс төрийн системийг хэрхэн шинэчилж,  гадаад бодлогыг хэрхэн өөрчлөх бол  гэдэг нь маш их сонирхол татаж байгаа аж.  Сүүлийн сэдэв өрнөдийн шинжээчдийг түгшээж байна. 

Владимир Путин ямар санал дэвшүүлэх бол гэсэн таамгийг   Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин ярихдаа: «Дотоод улс-төрийг бүрдүүлэгч нь улс-төрийн шинэчлэлийг тодорхойлж байгаа юм. Энэ нь “Путины дээрээс доошоо” засгийн эрх барих системийг шинэчлэхэд оршино. Энэ нь юу  гэсэн үг вэ гэвэл,  нэг талаас улс төрийн дэглэм суларч, нийгэм өөрийн бодол санаагаа хэлэх боломжтой болж байгааг хэлж буй юм. Нөгөөтэйгүүр,  зарим олон нийтийн байгууллагууд өөрийн хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлага гарч буйг хэлж байна. Гадаад бодлогын бүрдүүлэгч  гэвэл юуны түрүүнд, хуучин зөвлөлтийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлж байгаа юм. Хятад улс,бусад орнуудтай  эрчимтэй харилцаагаа хөгжүүлэх бөгөөд, ялангуяа, Венесуэл, Сири болон НАТО, АНУ-тай өрсөлдөх түвшингээ  нэмэгдүүлнэ.  Чухамдаа,  энэ нь Орос гүрний хэмжээнд  улс-төр, эдийн засгийн үр ашигтай  нүр их төлөвлөгөө байх юм» гэлээ.    

Сонгуулийн  сурталчилгааны хөтөлбөрийн эцсийн хувилбар 2-р сарын 12-нд гарах ёстой юм. Үүний дараа  В.Путины сонгуулийн багийнхан бүс нутгуудаар баримт бичгийг тайлбарлахаар замд гарах болно.