Арабын улсуудын Лиг /АУЛ/ Сири улс дахь ажиглагчдын үйл ажиллагааг өргөжүүлхээр төлөвлөж байгаа ба НҮБ-тай улам нягт хамтран ажиллах болно. Сири улс дахь арабын ажиглагчдын үйл ажиллагааг үр ашигтай болгох зорилгоор АУЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, НҮБ-ын тэргүүн Пан Ги Мунтай нягт хамтран ажиллах болоод байна. АУЛ-ийн ГХЯ-дын сайд нарын Каирт болсон уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлд ингэж өгүүлжээ. Сирийн төр засаг ажиглагчидтай хамтран ажиллаж байна гэж арабын ажиглагчдын тэргүүн суданы генерал Мухаммед ад-Даби мэдэгдсэн байна. “Шинжээчид ажлаа дөнгөж эхлээд байна, тэдний хүч хөдөлмөр үр дүнгээ өгөхөд цаг хугацаа шаардлагатай байна” гэж тэрээр ярьжээ. Энэ үеэр тус улсад хүчирхийлэл үргэлжилсээр байна. Ням гаригт Босра хотын орчим цэргийн цувааг дайрснаас болж 11 цэргийн албан хаагч алагдаж, 20 гаруй нь шархаджээ. Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулж, шинэчлэл хийхийг шаардсаар байна. Эмх замбараагүй ажиллагаанд оролцож баривчлагдсан зуугаад хүнийг шоронгоос суллах зэрэг хэд хэдэн арга хэмжээг Дамаск аваад байна. Харин сөрөг хүчин яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар байна. Хүчирхийлэлийг зогсоож, нэн даруй яриа хэлэлцээр хийж эхлэхийг талуудаас шаардсан тогтоолыг ОУ, НҮБ-д оруулаад байна.