Орос улс 1812 оны Эх орны дайнд ялалт байгуулсны 200 жилийн ойд зориулж 2012 онд оросын казакууд Москвагаас Парис хүртэл морьтой аялана. Гэхдээ энэ нь ялагчдын марш байхгүй юм. Энэ аянг амь эрсдсэн орос, франц дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх болон донын удмын адууг орчин үеийнхэнд таниулахад зориулж байгаа юм. Орос улсад халдан довтолсон Наполеоны армийг 1812 онд нутгаасаа хөөн гаргахад тусалсан казакууд донын удмын адууг алдаршуулсан юм.

Маш их тэсвэртэй, гавшгай энэ адуу давшилтад дайран орох, дайснуудыг мөрдөн мөшгөх болон тагнуулд явахад солишгүй нөхөр байсан гэж адуу үржүүлэгч, "Москва-Парис" аяны хорооны орлогч дарга Павел Мощалков ярьж байна: «Атман Матвей Платов өөрийнхөө казакуудын морин цэргийн хороотойгоо францийн морин цэргийн болон их бууны хороонуудыг бүрэн устгасан гэдгийг Наполеон хүлээн зөвшөөрсөн гэж ярьдаг юм. Тэд донын удмын морьдоор гайхамшигтай гавьяа байгуулж байсан билээ. Энэ бол унасан морьтойгоо Парис хүрээд эргээд нутагтаа ирсэн цорын ганц морин цэргийн хороо билээ. Тэгэхэд бусад морин цэргийн хороонууд хэд хэдэн удаа морьдоо сольж байсан юм. Учир нь европын морьд энэ урт аяныг даахгүй байсан юм» гэж тэр ярилаа.

Донын казакууд 19-р зуунд моринд гарамгайгаараа гайхагдаж байсан юм. Богино дөрөөн дээр давхих болон хурдан хөдөлгөөнөөрөө европчуудыг гайхуулж байсан юм. "Гараан дээрээсээ асар хурдтай цогидаг мөртлөө  энэ хурдан дээрээ гэнэт зогсож чаддаг юм. Морьд нь хүнээсээ дутахгүй урлаг үзүүлдэг нэг үгээр хэлэх юм бол эзнийхээ биений нэг хэсэг нь л гэсэн үг" гэж францийн генерал Моран казакуудын тухай бичиж байжээ. Атаман Платовын 60 мянган дайчидтай морин хороог бодвол өнөөдөр Орос улсад донын удмын адууны тоо толгой ихэд цөөрсөн 200 орчим л болжээ. Жинхэнэ гавшгай морь унадаг хүн ч цөөрсөн юм.

Ийм учраас "Москва-Парис" аянд бүр эрт жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн гэж энэ төслийг зохиогчдын нэг, Түүхэн үнэ цэнэтэй зүйлийг сэргээх "Оросын хүртээл" бүх оросын олон нийтийн өглөгийн сангийн ерөнхийлөгч Александр Буковский мэдээлсэн юм: «Оролцогчдыг сонгож авах нэг шалгуур бол мэдээж хэрэг моринд сайн байх явдал юм. Учир нь энэ аяны зам нь бараг 4000 километр юм. Тэгэхлээр энэ урт замыг туулах хүмүүс морь маш сайн унадаг байх шаардлагатай. Энэ урт замыг бараг л 2-3 сард л туулах байх гэж би бодож байгаа, тэгэхдээ замын аль хэсгий нь мориор туулахыг зөвшөөрөх, аль хэсгийг нь морь зөөдөг тээврийн хэрэгслээр явахаас бас их зүйл шалтгаална.

Мэдээж хэрэг Европ тив 200 жилийн дотор их өөрчлөгдсөн, бүх замыг мориор туулна гэдэг боломжгүй зүйл юм. Бид тэгэхдээ энэ аяныг түүхэн байдалд аль болхоор ойртуулахыг зорьж, мориор ихэнх замаа туулахыг л хичээх болно» гэж тэр ярилаа. Казакууд Орос, Белорусс, Польш, Литв, Герман, Франц улсуудын нутгаар аялахаар төлөвлөөд байна. Гадаад улсуудын ГХЯ-ны түвшинд төслийн танилцуулгыг хийгээд байна. Одоогийн байдлаар польшууд л хариу өгөөгүй байна. Бусад бүх улсууд энэ төслийг сайшаасан бөгөөд зохион байгуулагчидад нь бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.