Ойрын гурван жилд  Оросын зэвсэгт хүчний  техник, зэр зэвсэгт бараг дөрвөн триллион рубль буюу 130 тэрбум долларыг чиглүүлнэ. 2012 онд зэр зэвсэг, цэргийн ба тусгай техникийг худалдан авахад 1,1 триллион рубль буюу 40 тэрбум орчим доллар гаргахаар төлөвлөжээ. Кремлийн тамгын газрын өнөөгийн тэргүүн Сергей Иванов дэд ерөнхий сайд байхдаа дээрх тоо баримтуудыг дурдав.

Оросын армийн шинэтгэл ид явагдаж байна. Гол зорилт дөрвөн жилийн дараа зэвсэгт хүчинд орчин цагийн зэр зэвсэг 30 хувь эзлэхэд оршино. 2020 он гэхэд мөн үзүүлэлтийг 70-80 хувьд хүргэх ёстой. Энэ зорилтыг биелүүлж эхлэсэн гэж  «Независимое военное обозрение» сонины газрын хариуцлагатай редактор Виктор Литовкин тэмдэглээд: «Пуужин-цөмийн цогцолборт таван рублийн нэгийг чиглүүлнэ. Юу гэвэл энэ нь бидний хувьд чухал нарийн технологи бүхий үнэтэй зэр зэвсэг билээ. Үлдсэн мөнгө хөрөнгийг  хөлөг онгоц, шумбагч онгоц, «Искандер» мэт оператив-тактикийн пуужинт цогцолборыг худалдан авахад зарцуулна» гэв.

Мөн Оросын Цэргийн нисэх хүчинд байлдааны онгоц, Агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмэх юм. Эдгээр хүчин С-400 цогцолборыг оролцуулан Агаарын довтолгооноос хамгаалах  шинэчлэсэн хэрэгсэл, «Небо-У» радиолокацийн систем, «Панцирь-С1» зенитийн цогцолбор авна. Түүнээс гадна шинэчлэсэн 90 орчим онгоцыг Цэргийн нисэх хүчний эрх мэдэлд шилжүүлэх ёстой гэж Виктор Литовкин тэмдэглээд: «Су-30,Миг-29,Су-34 зэрэг маш олон сөнөөгч, дайрагч онгоцоор Цэргийн нисэх хүчнийг зэвсэглэнэ. Түүнчлэн зенит-ракетийн цөөнгүй цогцолборыг Цэргийн нисэх хүчинд явуулна. Ингээд ирэх онд  шинэ олон техник зэр зэвсэгтэй болно» гэв.

Су-34 фронтын бөмбөгдөгч онгоцууд Оросын Цэргийн нисэх хүчний  байлдааны сүр хүчийг зузаатгах нь дамжиггүй. Эдгээр онгоц  зорилт, боломжоороо алсын нислэг хийх онгоцуудад ойртсон. Су-34 Москвагаас Владиовосток хүртэл замдаа шатахуун хоёр удаа нэмж хийж нисэх юм. Нисэгчид автомат хэрэгслийг хэрэглэн жолоодоно. 2012 онд Цэргийн нисэх хучний ангиудад ийм арваад бөмбөгдөгч онгоцыг нийлүүлнэ.

 2012 оны цэргийн төсвийн хөрөнгөөр зэр зэвсэг, байлдааны техник худалдан авч, эрдэм шинжилгээний ажил хийж, урьд хэрэгжүүлж эхлэсэн хөтөлбөрүүдийг цаашид ахиулна. Энэ оноос Орос улс стратегийн ач холбогдолтой «Борей-А» ангилалын атомын шумбагч  хөлөг онгуудыг үйлдвэрлэж эхлэв. Мөн түүнчлэн оросын үйлдвэрлэлийн цэргийн хувцас, хуягт хамгаалах хэрэгсэл, зэвсэг, байлдааны ба холбооны  хэрэгслийг  боловсронгуй болгох гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тоноглол зохих жинтэй, задлан угсарч болом эд ангитай байх болно.