ЮНЕСКО-гоос  нэрд гарсан Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн энэ онд тэмдэглэх 150 жилийн ойг олон улсын онцлох  үйл явдал хэмээн үзэж байна.

Хөгжмийн дээд сургуулийг үндэслэн байгуулсан анхны захирал Оросын гарамгай хөгжмийн зохиолч Антон Рубинштейн 1862 онд хөгжмийн дээд сургуулийг нээж үг хэлэхдээ энд сурах хүмүүс жинхэнэ хөгжимчин болно гэдэгт итгэл төгс байна гэж хэлсэн билээ. 11 Александр эзэн хаан шинэ сургуулийг хөгжмийн дээд сургууль хэмээн нэрлэж, Зургийн академитай адилхан статустай болгож итгэл найдвар нь биелэгдсэн юм.

Анхны элсэлтийн  оюутан Пётр Чайковский сургуулиа мөнгөн медальтэй төгссөн байна. Санкт-Петебрургийн хөгжмийн дээд сургууль нь хөгжмийн зохиолчдийн хувьд нэг ёсны шалгуур хэвээр байна гэж профессор Зивар Гусейнов хэлээд: «Тэр агуу хүн манай сургуулийг төгссөн нь бидэнд эрхэм чухал юм. Бусдаас түрүүн медаль хүртэж Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийг алдаршуулсан. Чайковскийн уран бүтээлийг уран сайхны дээд зэргийн илэрэл хэмээн үздэг» гэв.

Санкт-Петербургийн  хөгжмийн дээд сургууль нь оросын өөр нэгэн суут хөгжмийн зохиолч Николай Римский – Корсаковын нэрэмжит болсон юм. Гайхамшигт хөгжмийн зохиолч бараг 40 жил  төгссөн хөгжмийн дээд сургуулийнхаа профессор байж, хөгжим заах үндэс суурийг тавьжээ. «Өөр ийм ухаалаг, хялбар, зүй ёсны хөтөлбөр байхгүй бололтой. Сургалтын  арга барилыг хаа сайгүй ашиглавал зохино» гэж нэг үеийнхэн нь Римский – Корсаковын арга зүйг тодорхойлж үнэлсэн билээ. ХХ зууны  сонгодог зохиолч Игорь Стравинский, Сергей Прокофьев гээд Римский-Корсаковын олон шавь дэлхий даяар нэр алдартай болсон юм. Насныхаа хэрээр суут хөгжимчний шавь болж амжаагүй Дмитрий Шостакович  ч тодорхой агуулгаар шавь нь болжээ.

Эдүгээ Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн  долоон факультетэд 1500 гаруй оюутан түүний дотор 250 гадаад иргэн суралцаж байна. Монголын хөгжимчид энд дадлага хийж байна. Одоо Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургууль гадаадын бараг 100 хөгжмийн дээд сургуультай хэлхээ холбоотой байна.

Сүүлийн жилүүд Оросын анхны хөгжмийн дээд сургуулийн хувьд таагүй болсон. Арилжааны үйл ажиллагааг дээдлүүлж, ямар нэг хэрэг явдалтай зууралдахгүй нэр хүндтэй удирдагчийг олж чадахгүй байна. Ийм байдал хотын хөгжмийн бүлгийнхэн ба нэр алдартай төгсөгчдий нь сэтгэлийг түгшүүлж байна. «Бид Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн үр хүүхэд юм. Иймээс сургуулийнхаа төлөө сэтгэл зовниж байна. Сургууль маань хэрүүл маргаан өдөөх голомт байхаа болиосой. Дэлхийн өөр ямар ч сургууль ийм шилдэг мэдлэг боловсролтой болгож чадахгүйг оюутнууд мэдэх ёстой» гэж нэрд гарсан удирдаач Валерий Гергиев хэллээ.

Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургууль оюутнуудаа урьдын адил дээд зэргийг мэдлэг чадвартай болгож байгааг нэрд гарсан олон төгсөгч нь тухайлбал дуурийн од Анна Нетребко уран бүтээлээрээ нотлон харуулж байна.