Энэ оны  нэлээд чухал үйл явдлуудыг сонсогчдынхоо анхааралд толилуулах «2012 оны хуанли» нэвтрүүлгийн 2 дахь хэсгийг сонсоно уу.2012 он  хүнд түвэгтэй боловч сонирхолтой үйл явдал төгөлдөр байх болно хэмээн үзсэн. Энэ нь Луу жил билээ. 2-р сарын 23-нд эхлэх Луу жил сайн сайхан болно.Энэ онд дэлхий сөнөнө гэж майягийн хуанли тааж мэрэглэсэн ч сонин сайхан үйл явдал төгөлдөр байна.

2012 онд Орос ба өөр хэд хэдэн улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Дэлхийн спорт сонирхогчдын тэсч ядан хүлээж байгаа Олимпийн наадам энэ зун Лондонд явагдана. 2012 онд тэмдэглэх ойнуудыг зөвхөн тоочиход хэд хэдэн нэвтрүүлэг шаардагдах учир  хамгийн чухлы нь дурдана. Өнөөдөр бид 4-р сараас 6-р сарыг дуустал болох үйл явдлуудыг хөндөж өгүүлнэ.

Олон улсын инээдмийн баярын өдрийг  4-р сарын 1-нд Орос болон дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ нь хошин явдал, инээдэм,тоглоом төгөлдөр өдөр билээ. Дашрамд хэлэхэд инээдмийн өдрийг ХУ1 зуунд тэмдэглэж эхлэсэн хийгээд түүнийг 1686 онд анх дурдсан аж.

Оросын зохиолч, гун ухаантан, нийтлэлч Александр Герцений мэндэлсний 200 жилийн ой 4-р сарын 6-нд болно. Герцен тухайн үед  олны сэтгэлгээнд их нөлөө үзүүлсэн юм. Тэрээр  либерал үзэлт «Колокол» долоо хоног дутмын сонин хэвлэн гаргажээ. Гэвч Герцен тэртээх либерал олон нийтийн хувьд дэндуу хувьсгалч, радикал үзэтнүүдийн хувьд хэт аядуу бодлого баримтлагч байсан  билээ.

4-р сарын 12-ныг НҮБ-аас 2011 онд  Хүний сансрын нислэгийн олон улсын өдөр  хэмээн зарлан мэдээлжээ. Одоогоос 51 жилийн тэртээ Юрий Гагарины нээсэн сансар эзэмших эрнийг сансар эзэмших олон улсын хамтын ажиллагааны эрин солив. Хамтын ажиллагааны үр дүнд гайхамшигт нээлт удаа дараа хийх бололтой.

Төрийн гарамгай зүтгэлтэн шинэчлэгч Пётр Столыпины мэндэлсний 150 жилийн ойг 4-р сарын 14-нд Орос улсад тэмдэглэнэ. Тэрээр 1906 онд засгийн газрыг тэргүүлээд Орост хөдөө аж ахуйн шинэтгэл явуулж, орон нутгийн өөрөө удирдах ёсыг ардчиллаж, Сибирь,Алс Дорнодыг эзэмших бодлого явуулсан юм. Тэр үед Орос улс шинэтгэл явуулсаны ачаар эдийн засгийн өслөтийн хурдацаар дэлхийд 1-р байр эзлэв. Тэрээр улс орноо өөрчлөн байгуулах том төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж амжсангүй. Владимир Путин Столыпины мэндэлсний 150 жилийн ойн баярыг зохион явуулах хороог тэргүүлэв. Тэрээр Москвад Засгийн газрын ордны дэргэд Столыпины хөшөөг нээх юм.

5-р сарын нэгний өдөр бол Хавар, хөдөлмөрийн өдөр юм. ЗХУ бутраснаас хойш түүнийг ингэж нэрлэсэн. Урьд «Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн» өдөр байжээ. Нэр гарчиг нь өөрчлөгдсөн ч энэ нь оросын хүн амын дуртай баярын нэг билээ. Найр цэнгэл, зуслан эдлэндээ хийх ажлаар мөн өдрийг тэмдэглэдэг.

5-р сарын 7-нд радиогийн өдөр өөрөөр хэлвэл бидний мэргэжлийн баярын өдөр болох юм. Бид баярынхаа өдөр ажилласан ч сэтгэл ханамжтай баяр баясгалантай байдаг.

5-р сарын 9-нд Оросын хамгийн гол баярын нэг фашизмыг ялсны өдрийг тэмдэглэдэг. Оросын оршин суугч бүр мөн баярыг Эх орондоо хайртай байхын бэлгэ тэмдэг хэмээн үздэг. Мөн тэр өдөр  цэргийн хөшөөнүүдэд цэцэг өргөж, дайны ахмадуудыг хүндлэн баяр хүргэдэг.

1993 онд НҮБ-ын ЕА-гээс тогтоосон Олон улсын гэр бүлийн өдөр 5-р сарын 15-нд болно.

5-р сарын 18-ны өдөр бол Олон улсын музейн өдөр юм. Мөн өдөр Оросын ба дэлхийн өөр хэд хэдэн улсын музейнууд шөнө орой хүртэл ажиллаж, үзэгч олныг үнэ төлбөргүй үйлчлэдэг.

5-р сарын 27-нд Орост Номын сангийн өдөр болно. Интернет зонхилох болсон ч номын сан оросын хүн амын хувьд чухал ач холбогдолтой хэвээр байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 6-р сарын нэгэнд болдог. Хүүхдүүд бол бидний ирээдүй юм. Мэдээжээр хүүхдийн эрхийг хамгаалах нь төр, эцэг эхийн гол зорилтын нэг болсон.

НҮБ-аас тогтоосон Пушкиний ба Орос хэлний өдрийг 6-р сарын 6-нд тэмдэглэх юм. Энэ нь санамсаргүй хэрэг бишээ. Жинхэнэ яруу сайхан орос хэл Пушкиний л зохиолуудад тусгалаа олсон юм. Оросын хүүхдүүд түүний шүлгүүдийг цээжлэсэн хийгээд насанд хүрэхдээ аугаа их уран бүтээлий нь зохих ёсоор ухамсарлаж үнэлдэг.

6-р сарын 12-ны өдөр  бол ОХУ-ын төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр мөн. 1990 оны 6-р сарын 12-нд  ЗСБНХУ оршин тогтнож байсан үед  Оросын төрийн тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батласан юм. Түүнээс хойш яг нэг жил өнгөрсний дараа 1991 оны 6-р сарын 12-нд Оросын түүхэнд анх удаа бүх ард түмэн ил шууд саналаа гаргаж ерөнхийлөгчийг сонгов. Тэр үед Борис Ельцин ялсан юм.

Москва дахь Пушкиний нэрэмжит дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулагдсаны 100 жилийн ой 6-р сарын 13-нд болно. 1974 онд чухам энэ музей Леонардо да Винчийн «Мона Лиза»-г үзүүлжээ. Учир нь битүүлэг инээмсгэлийг үзэх гэсэн маш олон хүн музейг хүрээлж өдөр шөнөгүй зогссон билээ.

«Битлз» домогт дөрвөлийн гишүүн Пол Маккартни 70 насныхаа ойг 6-р сарын 18-нд тэмдэглэнэ. 2003 онд тэр Улаан талбайд дуулсан нь үнэхээр сонин гайхамшигт үйл явдал болжээ. Зөвлөлт төр засгаас «Битлз» ба түүнийг шүтэгчдэд зохисгүй хандаж байсан. Маккартни саяхан 2011 оны 12-р сарын 14-нд Москвад «Олимпийский» спортын цогцолборт дууллаа. Сонсогч олон бишрэн сайшаасан учир тэр сэтгэл хөдлөн пиджакаа тайлж,залуужиж хамт дуулав.

«2012 оны хуанли» гэдэг нэвтрүүлгийн 2 дахь хэсэг үүгээр дууслаа. 2012 оны 2 дахь  хагаст болох баяр ой, тэмдэглэлтэй үйл явдлуудын тухай 3 дахь хэсэгт  нь өгүүлнэ.