12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов. Олон нийтийн санаа бодлыг судлах Бух оросын төвөөс цуглаанд оролцсон 600 хүний дотор санал асуулга явууллаа. Санал асуулгын үр дүн 12-р сарын 24-нд эсэргүүцлийн арга хэмжээнд чухам хэн оролцсоныг тусган харуулж байна.

Цуглаанд оролцсон хүмүүсийн 64 хувь нь эрэгтэйчүүд юм. Гол төлөв 45 хүрээгүй залуучууд билээ. Голдуу арилжааны салбарт  ажиллаж байгаа дээд боловсролтой хүмүүс 70 хувь эзлэжээ. Олонхи нь материаллаг аж байдлаа дунд зэргийн хэмээн дүгнэв. Өөрөөр хэлвэл Москвад хийсэн цуглаанд дунд ангийн төлөөлөгчид оролцсон байна. Эдгээр нь нэлээд чинээлэг улс төрийн талаар идэвхтэй хүмүүс билээ. Цуглаанд оролцогчдын 81 хувь нь Улсын думын сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Олонхи нь сөрөг намд тухайлбал 27 хувь нь «Яблоко» барууны либерал нам, 17 нь КН, 16 нь либерал-ардчилсан намын төлөө санал өгчээ.

Улсын думын сонгуулийн үр дүнд дүргүйцсэн явдал цуглаанд оролцох шалтгаан болсон гэж 32 хувь нь мэдээлэв. Мөн эрх баригчдыг эсэргүүцсэн шалтгаан хоёрт, иргэний байр сууриа илэрхийлэх хүсэл гуравт оров. Түүнчлэн 9 хувь нь худал хуурмаг, дур зоргын ажиллагааг эсэргүүцэж, 5 хувь нь сайн сайхан амьдрахыг хүсч цуглаанд оролцожээ. Цуглаанаас дэвшүүлсэн уриа лоозонгуудаас оролцогчид нь «Чөлөөт шудрага сонгуулийн төлөө» уриаг илүү дэмжив. Түүнээс гадна сонгуулийн үр дүнг хучингүй болгохыг 19, Чуровыг огцоруулах уриаг 9 хувь нь дэмжсэн байна. Сонгуулийн төв комиссын тэргүүн Чуров сонгуулийн үр дүнг гуйвуулсан хэмээн сөрөг хүчин үзэж буруушааж байна. Цуглаанд оролцсон хүмүүсийн 7 хувь нь «Дээрэмч, хулгайчид сөнөгтүн» уриаг дэмжлээ.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 89 хувь нь дараачийн ийн цуглаанд оролцоход бэлэн байна. Ээлжит цуглаанд оролцох эсэх нь байдлаас шалтгаана гэж 8 хувь нь хэлжээ. Хүмүүс өөрчлөлт гараасай гэж байна. Иймээс 11 хувь нь ерөнхийлөгч Дмитрий Медведевийн санал болгосон Оросын улс төрийн системийг либералчлах шинэтгэлийг ерөнхийд нь дэмжиж, 33 хувь нь сайшаав. Тухайлбал улс төрийн намуудын бүртгэлийг хөнгөвчилж, засаг дарга нарын сонгуулийг сэргээхийг санал болгожээ. Эдгээр шинэтгэлээр үйл ажиллагааг хязгаарлах хэрэггүй гэж сөрөег хүчний цуглаанд оролцогчдын олонхи нь үзэж байна.