ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ.

Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш. Жишээ нь 12-р сарын эхээр ерөнхийлөгчийн Иргэний нийгэм болон хүний эрхийг хөгжүүлэх зөвлөлийн сайт дээр “Оросын олон нийтийн телевиз байгуулах тухай” хуулийн үзэл баримтлалыг нийтэлсэн юм. Энэ хөтөлбөрт зааснаар энэ телевизийг зөвхөн улс санхүүжүүлээд зогсохгүй ОУ-ын иргэн бүр цалингийн доод хэмжээний нэг хувийг сар бүр төлж санхүүжүүлэх юм байна. Харин энэ удаа санаачлага дороос биш дээрээс гарлаа тийм учраас энэ нь бодит амьдралд хэрэгжиж мэднэ гэж Олон нийтийн танхимын гишүүн, сэтгүүлч Николай Сванидзе үзэж байна.

 «Манай нөхцөлд энэ нь өнөөг хүртэл үл гүйцэлдэх санаа байсан юм. Учир нь төр засаг өөрөөсөө хамааралгүй телевиз байлгахыг хүсэхгүй байсан, нийгэм өчүүхэн бага ч гэсэн мөнгө төлөхөд бэлэн бус байсантай холбоотой юм. Харин одоо олон нийтийн телевиз байгуулах санаачлага амьдралд хэрэгжиж болох нөхцөл байдал үүсээд байна» гэж Николай Сванидзе хэллээ.

Олон нийтийн телевиз нь зохион байгуулалтын хэлбэр болон санхүүжүүлэлтээрээ ялгагдахаас гадна мэдээлэлийн хэмжээгээрээ одоо байгаа сувгуудаас ялгарна гэж Николай Сванидзе тайлбарлаад: «Хэрвээ олон нийтийн телевизд өөрийн гэсэн улс төрийн бүрдэл хэсэг бий болвол, бий болно гэж бодож байна. Үгүй бол энэ телевизийг байгуулаад яах юм бэ? Тэнд төр улсын талархадаг хүмүүс мөн нийгэмд сонирхолтой хүмүүс байх болно. Тэр телевизд ОХУ-ын үндсэн хууль болон бусад хуульд харшлахгүй хэн бүхэн, төр засгийн эсрэг үзэлтнүүд, төр засгийг талархадаг хүмүүс ер нь үзэл бодлын цуглуулгуудын төлөөлөл байх болно» гэлээ.

Харин олон нийтийн телевизийг одоо байгуулах нь цаг үеэ олсон уу гэдэг асуудал л тулгарч байна. Энэ санал санаачлага 10 жилээр хоцорсон, анхнаасаа л халз мэтгэлцээний талбар болж байсан интернет өнөөдөр байр сууриа бэхжүүлсэн гэсэн санааг ч ярьж байна. Бас өөр санал байна. Интернет нь компьютерийн нэгэн адил айл өрх бүрт байж чадахгүй байна. Харин телевиз бол орос хүн бүрт хүртээмжтэй мэдээлэлийн эх сурвалж юм.

Олон нийтийн телевиз байгуулахдаа ОУ бусад улсуудын туршлагыг харгалзан үзэх хэрэгтэй. Барууны орнуудад гэхэд дор хаяхад л гурван загвар байна. Эхнийх нь зөвхөн ард түмний хөрөнгөөр санхүүждэг телевиз байна. Ийм телевизийн сонгодог жишээ бол Би-Би-Си юм. Олон нийтийн телевизийн хоёр дахь загвар бол зөвхөн улсаас санхүүждэг, жишээ нь канадын Си-Би-Эс корпорац юм. Улс болон олон нийт хамтран санхүүжүүлдэг жишээ нь америкийн Пи-Би-Эс компани гурав дахь загвар нь болж байна.