Оросын хүн ам улиран өнгөрч 2011 оны хамгийн чухал үйл явдлыг нэрлэв. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвөөс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Ливид хийсэн дайн, «Фүкүшима» АЦС-ын осолыг  онцлог үйл явдал хэмээн үзэж дурдсан байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн шинжээчид  Японы АЦС-ын эмгнэлт хэрэг явдлын хор уршиг дэлхийн эдийн засаг ба атомыг энх тайвны зорилгоор хэрэглэхэд  ямар нөлөө үзүүлэх талаар өгүүлэв.

 3-р сард гарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас «Фүкүшима» АЦС-д  гарсан сүйрэл  атомын энергийн ирээдүйг эргэлзээтэй болгов. Олон улс орны удирдагчид атомын энергийг ашиглахаас татгалзаж болзошгүйг мэдэгдэв. Осолын дараа Германи АЦС-уудын хүчин чадлыг бараг 40 хувиар багасгах шийдвэр гаргав. Мөн Швейцар, Итали улсууд  Германы жишээг дагав. Эдгээр хоёр улс атомын энергийн үйлдвэрлэлээ нэг жилийн дотор зогсооно. Бельги улс ч АЦС ашиглахаас татгалзах төлөвлөгөөтэй байна. Оросын шинжээч Андрей Рубинов хэлэхдээ «Атомын энергийн хөгжил саатсан нь дэлхий даяар мэдрэгдэж байна. Эдүгээ нэлээд олон төслийг хүчингүй болгоно» гэв.

«Фүкүшима»-гийн ослоос хойш хоёр сар өнгөрсний дараа Орос улсад АЦС-уудыг  хатуу хянан шалгасан гэж «Курчатовын хүрээлэн»-гийн Үндэсний эрдэм шинжилгээний төвийн шинжээч Николай Кухаркин хэлээд «Урьд авч үзээгүй шинэ шинэ хүчин зүйлийг харгалзан бүх АС, атомын төхөөрөмжийн байдалд дүн шинжилгээ хийсэн. Бид бүх зуйлийг харгалзан  шалгалтад буурьтай хандлаа. «Фүкүшима»-гийн хэрэг явдал АЦС-уудаа илүү анхааралтай шалгахад биднийг  албадсан боловч Орос улс атомын энергийг ашиглахаас татгалзахгүй» гэв.

Гадагшаа нэвтрэн гарсан цацраг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь өөр чухал асуудал юм. Цезий хэмээх радио идэвхит бодисын хэр хэмжээ японы АЦС-ын осолын улмаас хүрээлэн буй орчинд нэмэгдэв. АНУ-ын эрх баригчид хүнсний бүтээгдэхүүнийг улс орондоо Японоос оруулахыг хориглов. Энэтхэг Японоос бараа бүтээгдэхүүн оруулахыг гурван сараар хоригложээ.Гэвч сэтгэл дэндүү түгшсэн гэж Цаг уурын судлалын их сургуулийн захирал Лев Карлин үзэж байна.

Тэрээр хэлэхдээ: «Фүкүшима»-гийн осол орон нутгийн шинжтэй байсан хийгээд бусад улсад хор хөнөөлгүй. Оросын  цаг уурын судлалын газраас шинжилгээний ангиа японы арлууд руу явууллаа. Тэд осолын ямар нэг ноцтой үр дагаварыг олж илрүүлсэнгүй. Гол төлөв хүнсний бүтээгдэхүүн аюултай байж магадгүй. Цацраг хүнсэнд нөөцлөгддэг. Цацрагийн хор уршиг хэд хэдэн жилийн дараа илэрч мэдрэгдэнэ» гэв.

Японы хүн амын зан үйл тэр хүнд түвэгтэй нөхцөлд ямар байсныг хэлэх хэрэгтэй. Олон мянган оршин суугч онцгой хүнд байдалд орсон. Гэвч эвдэрч нурсан хотуудад ч оршин суугчид нь тайван тэсвэр тэвчээртэй байсан гэж Японд суугаа ИТАР-ТАСС-ын сурвалжлагч Василий Головнин тэмдэглээд «Цунамийн цохилтоос хойш 160 мянган дүрвэгч нүүдлийн маш олон цэгт төвлөрөв. Японы оршин суугчид гай гамшгийг тайван тэвчээртэй давсан явдал их хүндэтгэл төрүүлсэн» гэлээ.

Япончуудын тэсвэр тэвчээртэй байдлыг газар зүйн байрлалаар нь ямар нэг хэмжээгээр тодорхойлж болно. Тэд улс орноо «цочсон луугийн нуруу» хэмээн нэрлэжээ. Янз бүрийн  гамшиг  зовлон зохих тэвчээр хандлагыг төлөвшүүлсэн байна.